Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны 6 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний ажилд оролцож буй иргэд, байгаль хамгаалагчидтай уулзлаа.

Аяны эхний үе шат 06 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилж, Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр зэрэг долоон сумын 866 км газар нутгийг хамруулан цэвэрлэсэн. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, нутгийн иргэд, сайн дурынхан зэрэг 1,000 гаруй хүн оролцож, 213 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрүүлж, устгалд оруулсан.
Хоёрдугаар шатны цэвэрлэгээг 07 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмын үеэр аялал жуулчлалын хөдөлгөөн оргилдоо хүрсэн, аялагч жуулчид төвлөрдөг Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын нийт 376 км газар нутагт зохион байгуулж, нийт 88 тонн хог хаягдлыг төвлөрүүлээд байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны зохион байгуулагчид, аянд идэвхтэй оролцсон нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд талархал илэрхийллээ.
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны гуравдугаар шатны ажлыг төрийн тахилгын дараа буюу 08 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд Ханх, Хатгал сумдын нутагт зохион байгуулна.


