horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Газрын тосны үнэ огцом буурлаа

post-img

Газрын тосны үнэ наймдугаар сарын 3-ны даваа гарагт нэг баррель нь 4 орчим ам.доллароор огцом буурлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд цэргийн шинэ цохилт өгөхөө түр хойшлуулж, Тегераны цөмийн хөтөлбөрийг зогсоох, мөн дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн гол зам болох Хормузын хоолойг дахин бүрэн нээх хэлэлцээр байгуулахыг зорьж буйгаа мэдэгдсэн нь зах зээлд эерэг дохио өгчээ.

Brent төрлийн газрын тосны үнэ 4.64 хувиар буурч нэг баррель нь 83.85 ам.доллар, WTI төрлийн газрын тос 4.74 хувиар хямдарч 80.66 ам.долларт хүрсэн байна.

Өнгөрсөн сард АНУ, Ираны мөргөлдөөн дахин сэргэж, Оманы эргийн ойролцоо хэд хэдэн газрын тос тээвэрлэгч хөлөг халдлагад өртсөнөөс үүдэн тээврийн аюулгүй байдалд эргэлзээ үүсч, газрын тосны үнэ 20 гаруй хувиар өсөөд байсан юм.

Трамп өнгөрсөн бямба гарагт Иран болон Ойрх Дорнодын бусад улс орон хэлэлцээрийг эцэслэхэд хугацаа хүссэн гэж мэдэгдэж, ингэснээр Хормузын хоолойг бүрэн нээж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой эрсдэлийг арилгах боломжтой гэж онцолсон байна.

Гэсэн хэдий ч шинжээчид нөхцөл байдал бүрэн тогтворжоогүйг анхааруулж байна. Хэрэв хэлэлцээ бүтэлгүйтвэл Иран Хормузын хоолой дахь нөлөөгөө ашиглан АНУ-ын цэргийн бааз эсвэл газрын тос тээвэрлэгч хөлөгт халдах эрсдэл хэвээр байгаа гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

Үүний зэрэгцээ Улаан тэнгисийн Баб-эль-Мандебийн хоолойгоор Саудын Арабын газрын тос ачсан хоёр хөлөг амжилттай нэвтэрсэн бол Хормузын хоолойгоор зорчих хөдөлгөөн удааширсан хэвээр байна. Их Британийн Далайн худалдааны ажиллагааны төв сүүлийн өдрүүдэд дахин гурван танкер халдлагад өртсөнийг мэдээлжээ.

Мөн ОПЕК+ бүлэг есдүгээр сараас газрын тосны олборлолтын квотоо өдөрт ойролцоогоор 188 мянган баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч Иран, Украины дайны улмаас Персийн булан, Орос, Казахстаны экспорт тасалдаж байгаа учраас олборлолтын өсөлт зах зээлд бодитой нөлөө үзүүлэхгүй хэвээр байгааг шинжээчид онцолжээ.

Эх сурвалж: Reuters

0/1000