Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд энэ онд үерийн хамгаалалтын 2 км урт далангийн барилгын ажил эхэлсэн ч одоо 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тус төслийн гүйцэтгэгчээр “М Даблью Т” ХХК өнгөрсөн онд шалгарч, энэ онд барилга угсралтын ажлаа эхлүүлжээ. Санхүүжилт удаашралтай байсантай холбоотойгоор далангийн гүйцэтгэлийн ажил төлөвлөсөн хугацаанаасаа хойшилсон гэдгийг “М Даблью Т” ХХК-ийн захирал Г.Цэгмэд танилцууллаа. Тэрээр далангийн барилгын ажлыг энэ ондоо багтаан бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэв.
Харин оршин суугчид барилгын ажил удаашралтай байгаад сэтгэл дундуур байна. Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чухал бүтээн байгуулалтыг шуурхай дуусгахгүй, 5 дугаар сарын сүүлээс 6 дугаар сарын эхэн хүртэл нэг сарын хугацаанд ажилласанд шүүмжлэлтэй хандлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гүйцэтгэгч компанид ажлаа эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэн төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулахыг үүрэг болгов. Ингэхдээ холбогдох санхүүжилтийг шуурхай шийдвэрлэж, өдөр тутамд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллана.
Мөн Цагаан эргийн гүүр эвдэрсний улмаас тухайн бүсийн иргэдийн ундны усны хүртээмж хязгаарлагдаж, өдөр тутмын амьдралд хүндрэл үүсээд байгаа юм. Цагаан эргийн гүүрийн эвдрэл гэмтлийг засварлан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болгох чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өглөө. Гүүрийг сэргээн барих асуудлыг ирэх оны нийслэлийн төсөвт тусгана гэлээ.




