Иран, Оман улсууд дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн гол гарц болох Хормузын хоолой дахь усан тээврийн шинэ чиглэлийн газарзүйн солбицлын талаар харилцан ойлголцолд хүрсэн бөгөөд хамтарсан мэдэгдлийн төслийг эцэслэн боловсруулж байгаа талаар Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаеи наймдугаар сарын 5-нд мэдэгдлээ.
Түүний хэлснээр, хэрэв гуравдагч талууд хэлэлцээний үйл явцад саад учруулахгүй бол хоёр улсын хамтарсан мэдэгдлийг ойрын хугацаанд нийтэд зарлах боломжтой аж. Гэхдээ ийм тохиролцоо байгуулсан ч Хормузын хоолойн аюулгүй байдал автоматаар бүрэн хангагдана гэсэн үг биш гэдгийг онцолсон байна.
Reuters агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр, хэлэлцээр хэрэгжвэл Персийн булан руу Хормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцны хөдөлгөөнд Иран илүү өргөн хяналт тавих эрхтэй болох бөгөөд энэ нь Тегеранд олгож буй хамгийн том буултуудын нэг гэж үнэлэгдэж байна.
Гэсэн ч эх сурвалжууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Хормузын хоолой удахгүй бүрэн нээгдэнэ” гэсэн мэдэгдлийг батлаагүй бөгөөд хэлэлцээрийн олон чухал асуудал эцэслэн шийдэгдээгүй хэвээр байгааг дурджээ.
Хормузын хоолойгоор дэлхийн далайгаар тээвэрлэгддэг газрын тосны томоохон хувь дамжин өнгөрдөг тул энэ бүс нутгийн аливаа өөрчлөлтийг дэлхийн эрчим хүчний зах зээл анхааралтай ажиглаж байна.


