Японы Хирошима хотод атомын бөмбөг хаясны 81 жил өнөөдөр болж байна. Дэлхийн 123 улс, бүс нутгаас хүрэлцэн ирсэн 50 мянга орчим хүн энх тайвны дурсгалын ёслолд оролцлоо.
Ёслол Хирошимагийн Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд болж, атомын бөмбөгийн амьд үлдэгсэд болох хибакүша, гадаадын төлөөлөгчид болон иргэд өглөөний 08:15 цагт буюу атомын бөмбөг хаясан яг тэр мөчид Энх тайвны хонх цохисны дараа нэг минутын дуугүй зогсолт хийж, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв.
Ёслолд үг хэлсэн Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Япон улс цөмийн зэвсэггүй байх гурван зарчмаа тууштай баримталсаар байх болно гэдгийг дахин нотолж, “Цөмийн зэвсэггүй, тогтвортой энх тайвантай дэлхийг цогцлоохын төлөө бүхий л хүчээ зориулна” гэж мэдэгдлээ.
Харин Хирошима хотын дарга Казүми Мацүй дэлхийн удирдагчдад хандан цөмийн зэвсгийг бүрэн устгахыг уриалж, хүчирхийлэлд хүчирхийллээр хариулах бодлого нь дэлхийг Дэлхийн хоёрдугаар дайны үеийн сэтгэлгээ рүү эргүүлэн аваачих аюултайг анхааруулав.
1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ-ын B-29 “Enola Gay” бөмбөгдөгч онгоц Хирошима хотын дээрээс “Little Boy” нэртэй атомын бөмбөгийг хаясны улмаас тухайн өдөр хэдэн арван мянган хүн амиа алдаж, оны эцэс гэхэд нийт хохирогчдын тоо ойролцоогоор 140 мянгад хүрсэн гэж түүхчид үздэг. Энэхүү эмгэнэлт үйл явдал хүн төрөлхтний түүхэнд цөмийн зэвсгийг дайнд хэрэглэсэн анхны тохиолдол болсон юм.


