Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, орон нутгууд жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулж байна. Устсан болон тоо нь цөөрсөн тарвага үүний үр дүнд дахин нутагшин, өсжээ. Гэвч хууль бусахр агнасаар байгаа нь энэ ажилд сөргөөр нөлөөлж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлээд байгаа. Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглодог бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрөлтэйгөөр агнах тухай заасан байдаг. Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориудаар бариулах, тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог.

