Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Эдгээрээс 11 хэргийг шүүх хянан шийдвэрлэжээ.
Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийжээ. Тэд олон удаа хахууль авсан, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг АТГ 2026 оны тавдугаар сард илрүүлэн шалгасан юм.
АТГ эрүүгийн 20 хэрэгт гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 30, нийт 70 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгасан аж.
Шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг:
- Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын гурван байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хасжээ.
- Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 6 хүнд тус бүр 2.7 сая төгрөгөөр торгох ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Харин уг зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн өөр нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 4 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
- Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын нэг байцаагч болон нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр нэг жил нэг хоногийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил зургаан сарын хугацаагаар хассан байна.
Одоогоор эрүүгийн 1 хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх, 3 хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж байгаа аж. Одоо АТГ эрүүгийн 5 хэрэг мөрдөн шалгаж байна.

