horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гайхамшигт түүх: Мексикийн булангаас 8000 км сэлж, Уэльст хүрсэн яст мэлхий

post-img

Rhossi нэртэй далайн яст мэлхийг Уэльсийн эргээс 2023 онд бараг үхсэн байхад нь нэгэн нохой олж, хүмүүс аварчээ. 2023 оны 12-р сарын 13-нд Rhossi Уэльсийн Англси арлын Traeth Llydan гэдэг эрэг дээр гарч ирсэн байна. Сонирхолтой нь түүнийг хүн биш, Meg нэртэй хар лабрадор нохой олсон түүхтэй. Тухайн үед Rhossi маш жижигхэн, 1 кг хүрэхгүй жинтэй, хүйтэн усанд удаан байснаас бараг хөдөлж чадахгүй болсон байв.

Далайн яст мэлхийн энэ зүйл Дэлхийн хамгийн ховор яст мэлхийнүүдийн нэг. Энэ амьтан Мексикийн булан, АНУ-ын зүүн өмнөд эрэгт амьдардаг. Гэтэл тэндээс Уэльс хүрсэн нь маш сонин. Энэ амьтан яаж ийм хол очсон нь хүмүүсийн сонирхлыг татаж байгаа юм.

Бүлээн усанд амьдардаг энэ амьтан далайн урсгалд туугдан, Атлантын далайг хөндлөн гарч, Европын хойд хэсэгт хүрэх тохиолдол байдаг. Хүйтэн усанд ороход биеийн температур нь огцом буурч, шооконд ордог. Ингээд хөдөлж чадахгүй болно. Өөрөө хооллож, сэлж чадахгүй учраас эрэг дээр гарч үхэх аюултай.

Rhossi-г “Anglesey” далайн амьтны хүрээлэнд авчирч, бараг 2 жилийн турш эмчилж, асарсан байна. Энд 1 кг хүрэхгүй жинтэй ирсэн мэлхий одоо 20 кг. Бие нь өсөж, 77 см урттай болжээ. 20 дахин том болсон гэсэн үг.

Одоо түүнийг унаган нутагт нь буцаах хэрэгтэй болов. Ингээд түүнийг 2026 оны 8-р сарын 2-нд эрүүл мэндийн үзлэгт оруулж, “Онгоцоор нисэхэд бэлэн” хэмээн үнэлэгдэж, тэнцжээ. Түүнийг эх нутагт нь хүргэхэд 8000 км зам туулна. Энэ хэсэг нь бүр сонирхолтой.

Rhossi-г шууд энгийн зорчигчийн онгоцонд суулгахгүй. Түүний аялал хэд хэдэн үе шаттай. Уэльс → нисдэг тэрэг → Англи → авто тээвэр → Хитроу→ ачааны онгоц → Хьюстон → Техас → Мексикийн булан гэсэн маршрутаар тээвэрлэнэ. Энэ замыг нисдэг тэрэг, тусгай зориулалтын машин, ачааны онгоцоор тээвэрлэж, Мексикийн буланд аваачиж, далайд буцааж тавина.

Түүнд зориулан нисдэг тэрэгний суудлуудыг авч, Rhossi-гийн биеийн дулааныг хянах тусгай хайрцаг тавьжээ. Уг хайрцагт яс мэлхийг хийх аж.

Падри арал бол далайн яст мэлхийн үржлийн чухал бүс. Энэ зүйл Мексикийн болон Техасын эрэгт өндөглөдөг. Тиймээс Rhossi-г байгальд буцаах нь хамгийн зөв гэж судлаачид үзжээ.

Энэ бол зөвхөн 1 яст мэлхийг аварсан түүх биш. Байгаль хамгаалах олон улсын байгууллагууд, малын эмч нар, сайн дурынхан, тээврийн компаниуд хамтран, нэн ховор амьтныг төрөлх экосистемд нь буцааж байгаа сайхан жишээ юм.

0/1000