Шүүгдэгч М 2024.08.13-нд бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж буруутгагдан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх уг явдалд М-ийг гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэн, хохирлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
М-ийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд хандан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол гаргажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар шүүгдэгч М-ийн холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил. Уг хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2024.08.13-наас тоолж, 2025.08.13-нд дуусах байв.
Прокурор хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх өдөр (2025.08.12) тогтоол гаргаж, М-ийг яллагдагчаар татжээ. Гэвч мөрдөгч хуульд заасан “Даруй танилцуулах” үүргээ биелүүлээгүй аж. Мөрдөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 13 хоногийн дараа (2025.08.26) уг тогтоолыг сэжигтэнд танилцуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн оргон зайлсан зэрэг хөөн хэлэлцэх хугацааг зогсоох онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
УДШ “Яллагдагчаар татах ажиллагаа нь прокурор тогтоол үйлдэх төдийгөөр хязгаарлагдахгүй. Уг тогтоолыг сэжигтэнд албан ёсоор танилцуулснаар бүрэн хэрэгжиж дуусна” гэж тайлбарлав. “Тогтоол үйлдэх болон түүнийг танилцуулах ажиллагаа нь салшгүй нэгдмэл байж, хөөн хэлэлцэх хугацааг зогсоох хууль зүйн үр дагавар үүсгэнэ. Хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй мөрдөх байгууллагаас шалтгаалж үүссэн цаг хугацааны алдагдлыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан тайлбарлаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй” гэж УДШ үзлээ.
Ийм үндэслэлээр УДШ анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль хэрэгжүүлэгчийн эс үйлдэхүйг орхигдуулан ял оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэн, шийтгэх тогтоол болон магадлалыг хүчингүй болгов. Уг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр М-ийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

