Манай улс Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлд нийт 127 км төмөр зам тавьж байна. Одоо Шувуун фабрик, Туул гол, Эмээлт чиглэлийн төмөр замын далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажлуудыг хийж буй аж. Энэ ажлын явцтай өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал танилцлаа.
Түлш, шатахуун гэх мэт тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй 34 төрлийн ачааг одоо Улаанбаатар хот дундуур төмөр замаар тээвэрлэдэг. Үүнийг энэ замаар хотоос гадуур тээвэрлэнэ. Төмөр замын хөдөлгөөнөөс шалтгаалан, авто замын хөдөлгөөн хоногт дунджаар 144 минут хаагддаг. Хэрвээ төмөр замыг хотоос гаргавал авто замын түгжрэл 21-120 минутаар буурна.
Энэ төмөр замыг тавихад 1.2 их наяд төгрөг зарцуулж байна. Тус зам ашиглалтад орвол 294.8 тэрбум төгрөгийн татвар төсөвт төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашиг авчрах тооцоог Зам тээврийн яам гаргажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:
Уулыг нь нүхлээд, усан дээгүүр нь гүүр бариад төмөр замаа тавьж чаддаг болсны үр дүнд 127.1 километр төмөр замыг анх удаа монголчууд өөрсдөө барьж байгааг хараад бахархлаа. 2024 онд хий тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байлаа. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй болон химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм.
Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Энэхүү бүтээн байгуулалтад 4000 гаруй инженер, техникийн ажилтнууд, 95 дотоодын аж ахуйн нэгж оролцож байна. Монгол инженер, техникийн ажилтнуудаараа маш их бахархлаа. Та бүхэндээ баяр хүргэе! 9 дүгээр сардаа багтаад ашиглалтад орох нь тодорхой юм байна.
Нэмэлт бригад гаргаад шугам сүлжээг чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ. Эрчим хүч, дулаан дамжуулах сүлжээний шугам сүлжээг шилжүүлэх, чөлөөлөх ажлыг яаравчлах үүргийг өгч, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

