Европт үргэлжилж буй хэт халалт, ган гачгийн улмаас Сербийн Сава мөрний ус эрс татарч, 100 гаруй жилийн өмнө живсэн хөлөг онгоц ил гарчээ. Энэ нь 1913 онд Будапештэд үйлдвэрлэсэн уурын чирэгч байв. 113 жил Сава мөрний ёроолд хэвсэн уг хөлөг ус татарснаар их бие нь бараг бүхэлдээ ил гарч иржээ. Түүнийг нутгийн иргэд очиж үзэх, зураг авах, тэр хавиар зугаалах болжээ.
“Гэхдээ энэ нь зөвхөн сонирхолтой үзэгдэл биш юм. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр энэ зун Серби, Хорватын нутаг дахь Дунай мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрч, Сава, Тиса зэрэг голын ус ч эрс татарсан байна. Ус татарснаар усан тээвэр, загас агнуур, аялал жуулчлалд хүндрэл үүсжээ.
Үүгээр зогсохгүй Сербийн Дунай мөрний Прахово орчимд Дэлхийн II дайны үед живсэн Германы олон хөлөг онгоц уснаас ил гарчээ. Эдгээр хөлөг онгоцыг Германы цэргүүд 1944 онд Зөвлөлтийн давшилтыг саатуулахын тулд зориудаар живүүлсэн аж. Тиймээс заримд нь тэсрээгүй сум, зэвсэг байж болзошгүй гэнэ.
Сава мөрөнд олон жилийн өмнө живээд, одоо ил гарч ирсэн онгоцны 1 нь 1945 онд мина мөргөж живсэн “Slovenac” нэртэй чирэгч хөлөг юм. Уг хөлөг 2026 оны 8 дугаар сарын 12-нд Сремска-Митровицагийн ойролцоо ус татрахад ил гарсан тухай “Ройтерс” мэдээллээ.
Ийнхүү зуны хэт халалт + удаан үргэлжилсэн ган + хур тунадасны хомсдол Европын томоохон голуудын усны түвшинг эрс бууруулж, олон арван жилийн турш усан дор байсан түүхэн дурсгал, хөлөг онгоцны үлдэгдлийг ил гаргаж байна. Үүний зэрэгцээ усан тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйд үзүүлэх сөрөг нөлөө нь улам нэмэгдэж байгаа юм.

