horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

56 төрлийн будганд шинжилгээ хийхэд, 39-д нь хартугалга их байжээ

post-img

Монгол Улс 2017 онд 56 төрлийн будганд шинжилгээ хийхэд, 39-д нь хартугалганы агууламж 90 ppm-ээс давжээ. Үүнээс 11 төрлийн будагны хартугалганы агууламж 10,000 ppm-ээс дээш гарсан байна.

Иймд будаг болон түүнтэй адил төрлийн бүрэх материалын аюулгүй байдлын талаар Засгийн газрын техникийн зохицуулалт боловсруулах шаардлага манай улсад үүсжээ. Үүний дагуу будагны найрлага дахь хартугалганы агууламжийг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өчигдөр зохион байгууллаа.

Хартугалга агуулсан будагны байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, олон улсын түвшинд хэрэгжиж буй арга хэмжээ, нийт хар тугалганы агууламжийн босго үзүүлэлт, Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, стандарт, импорт болон зах зээлийн хяналтын тогтолцоо, мөн зах зээлийн судалгааны үр дүн болон цуглуулсан будагны дээжинд хийсэн шинжилгээний талаар холбогдох талууд санал солилцов.

Хартугалганы агууламжийг 90ppm-ээр хязгаарлах, түүнчлэн бүтээгдэхүүний шинжилгээ, тохирлын үнэлгээ, хаягжилт, хилийн хяналт болон зах зээлийн тандалт, хяналтыг цогцоор нь хэрэгжүүлэхээр тусгаж байна.

Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, Стандартчилал хэмжилзүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Гаалийн төв лаборатори, ШУТИС, МУИС-ын Инженер технологийн сургууль, “Ногоон титэм” ХХК-ийн төлөөлөл оролцов.

0/1000