Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 34 үүрэг даалгаврын хэрэгжилт 81.5 хувьтай байгааг танилцууллаа.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилсан үзлэг, шалгалтыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Хяналт, шалгалтын газарт үүрэг болгосны дагуу есөн дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг шалгалт зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
- “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд эдийн засгийн эрх чөлөө, хөрөнгө оруулалт, зөвшөөрлийн тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 329 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, Нийслэлийн ИТХ-ын журмын зарим заалт хүчингүй болсонтой холбогдуулан бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх,
- Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, сурагчдын зорчих замын бүрэн бүтэн байдал, явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж шаардлагатай засвар, үйлчилгээг шуурхай хийх, зам тээврийн ослоос сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих,
- Төсөв, санхүүгийн хэмнэлтийн бодлогын хүрээнд урсгал зардлыг бууруулах, шинэ орон тоо үүсгэхгүй байх, цахилгаан дулааны хэрэглээг хэмнэх, улс, нийслэлийн төсвийн орлогыг хуваарийн дагуу бүрдүүлэх, хяналт тавих,
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед бэлэн байх нөөц, техник хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох ажлын хэсэг байгуулах, техник хэрэгсэл, хүн хүчний нөөцийг шалгах зэрэг үүргийг өглөө.




