horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Европыг түймэр сүйдэлж байна

post-img

Европын олон оронд агаар хэт халаад удлаа. Ган, хүчтэй салхины улмаас ой, хээрийн түймэр дэгдэж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Бельги улс түүхэндээ бүртгэгдсэн хамгийн том ойн түймэртэй нүүр тулж байна. Тус улсын зүүн хэсгийн High Fens байгалийн нөөц газарт гарсан гал ойролцоогоор 3,000 га талбайг хамарч, Германы хилд ойртжээ. Галын улмаас ойролцоох суурингуудын 600 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэв. Бельги, Герман болон бусад орны 250 гаруй аврагч уг түймрийг унтраахаар ажиллаж байна.

Грекийн Саламина аралд гарсан түймрийн улмаас өндөр настай хос амиа алдаж, 500 гаруй хүнийг аюулгүй газарт шилжүүлжээ. Галтай тэмцэх ажиллагаанд 190 гаруй гал сөнөөгч, 14 агаарын нэгж болон олон тооны сайн дурынхан оролцож байна.

Испанид мөн түймрийн нөхцөл байдал хүнд хэвээр байна. Тус улсын Арагон мужид гарсан түймэртэй тэмцэх үеэр нэг цэрэг амиа алдсан бол өмнө нь Хуэлва болон бусад бүс нутагт томоохон түймэр гарч, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Их Британийн Уэльст Blaenavon орчимд гарсан түймэр гурван долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилж, 4,000 гаруй га талбайг шатаажээ. Хүлэрт хөрсөнд гүн нэвтэрсэн гал унтраахад хүндрэлтэй байгаа тул армийн хүчийг гал сөнөөгчдөд туслуулахаар дайчилсан байна.

Европын Комиссын Хамтарсан судалгааны төвийн мэдээллээр 8-р сарын 12-ны байдлаар Европын Холбоонд түймэрт өртсөн талбай 567,097 га-д хүрсэн байна. Энэ нь 2006–2025 оны тухайн үеийн 20 жилийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм. Мөн 8-р сарын 13–19-ний галын эрсдэлийн урьдчилсан мэдээгээр Төв болон Зүүн Европын өргөн бүс нутагт “маш өндөр” эрсдэлтэй гэж тооцжээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олон сарын ган, хэт халалт, хуурайшсан ургамал болон хүчтэй салхи нь түймрийг богино хугацаанд асар их талбайд тархах нөхцөл бүрдүүлж байна. Европын түймрийн улирал энэ жил өмнөх жилүүдийнхээс эрчимтэй байгаа бөгөөд нөхцөл байдал цаашид ч анхаарал татах хэвээр байна.

0/1000