Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Монгол Улсад өнөөдөр эхэллээ. 8 дугаар сарын 17-28-нд болох энэхүү олон улсын арга хэмжээнд 197 орны 10 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцож байна. Тэдний аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас нийт 1740 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
- Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 8 чиглэлд 16 морьт эргүүл, 6 машинт эргүүл, 170 чиглэлд 360 явган эргүүл,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохицуулах чиглэлээр 549, Хурлын үеийн хамгаалалт, зохицуулалтын чиглэлээр 246 алба хаагч,
- Гадаад хэлний мэдлэгтэй 80 оюутан цагдаа,
- “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд 152 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Мөн зочид, төлөөлөгчдийн байрлаж буй 40 зочид буудалд 24 цагийн болон томилгоот цагийн хуваариар 103 алба хаагч хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж байна.



