horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

COP17: Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая!

post-img

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр албан ёсоор эхэллээ. Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, бизнес, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөл “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор Монгол Улсад арав гаруй хоног чуулна.

Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь усны нөөц, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, цаашлаад хот, суурин газрын тогтвортой хөгжилтэй салшгүй холбоотой. Ялангуяа хурдацтай тэлж буй Улаанбаатар хотын хувьд байгаль орчны тэнцвэрийг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, газрын зохистой ашиглалтыг дэмжих нь өнөөдрийн төдийгүй ирээдүйн хөгжлийн чухал асуудал юм.

Тиймээс “COP17”-оор хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрүүд зөвхөн баримт бичиг болон үлдэх бус, бодит ажил хэрэг болж, улс орон, хот, орон нутгийн түвшинд хэрэгжихүйц байх ёстой. Үүнд, олон улсын санхүүжилт, технологийн дэмжлэг, шинжлэх ухааны ололт, улс орнуудын туршлага солилцоо чухал үүрэгтэй.

Уг хурлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

БОУАӨЯ-ны ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг:

-Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нэмэгдүүлж менежментийг сайжруулах чиглэлд олон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг түншүүд маань СОР17 арга хэмжээнд хүрэлцэн ирээд байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан чухал үед бид олон талт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх Байгаль павилионыг нээснээрээ онцлог.

“Дэ Нэйче Консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Д.Галбадрах:

-Өнөөдөр хүн төрөлхтний өмнө гурван сорилт ирээд байна. Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлт. Хоёрдугаарт, биологийн олон янз байдал устах. Гуравдугаарт, газрын доройтол буюу цөлжилт. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нэг улсын хичээл зүтгэл хангалтгүй учир НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, биологийн олон янз байдлын алдагдлыг багасгах, цөлжилттэй тэмцэх гэсэн гурван том конвенцыг санаачлан ажиллаж байгаа. Монгол Улс эдгээр конвенцын гишүүн орны хувьд шийдэл, гарц гаргалгааг ярилцахаар Байгаль асартаа цуглаж байна.

WCS байгууллагын суурин төлөөлөгч, доктор Жастин Шанти Александер:

-Газар бол бүх зүйлийн суурь юм. Биологийн олон янз байдал, нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлын асуудлыг ярихад газраас л эхэлнэ. Монгол бэлчээр нутаг, экосистемийн онцлог нь хязгаарлагдмал бус байдаг. Иймд энэ өргөн уудам нутагт нөлөөлөхийн тулд байгууллагууд хамтран ажиллах нь зайлшгүй билээ. Иймд Байгаль павильон нээгдсэнд баяртай байна.

МБӨС-ийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь:

-Цөлжилт, ган, бэлчээрийн доройтолтой тэмцэх чухал арга хэрэгсэл нь хамгаалах юм. Бид экосистемийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийн 9%-ийг тусгай хамгаалалтад нэмж авснаар одоо байгаа 21%-ийг 30% болгох үндэсний болон олон улсын зорилтыг Монгол Улс тавьсан байгаа. Байгаль хамгаалал цөлжилттэй яаж холбогдох вэ. Үүнд бид яагаад ач холбогдол өгөх ёстой вэ. Тогтвортой санхүүжилтийн системийг үүсгэх зэрэг асуудлаар хэлэлцэхээр байгаль павильоныг нээлээ. Та бүхнийг Ногоон бүс дэх С4 буюу Nature павильонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

0/1000