Ойрх Дорнодын хурцадмал байдал дахин нэмэгдэж, Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол гарц болох Ормузын хоолойгоор дамжих хөлөг онгоц амралтын өдрүүдэд огцом цөөрлөө. Үүний зэрэгцээ АНУ, Ираны хоорондох энхийн хэлэлцээ ахицгүй болж, газрын тосны зах зээлд тодорхой бус байдал нэмэгдэж байна.
“Kpler”-ийн хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээллээр 8 дугаар сарын 15-нд Ормузын хоолойгоор ердөө 5 хөлөг нэвтэрсэн бол 16-нд ганц ч хөлөг үүгээр өнгөрсөнгүй. Харин өмнөх амралтын өдрүүдэд нийт 31 хөлөг тус хоолойгоор дамжин өнгөрч байв. Энэ нь далайн тээврийн компаниуд тус бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэлийг “Өндөр” гэж үнэлж байгааг харууллаа.
Ормузын хоолой бол Персийн булангийн нефть, байгалийн хийг Дэлхийн зах зээлд хүргэдэг стратегийн хамгийн чухал усан замын нэг. Мөргөлдөөн эхлэхээс өмнө өдөрт 130 гаруй хөлөг тус хоолойгоор нэвтэрдэг байсан бол одоо хэд дахин цөөрчээ. Уг хоолойгоор Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамждаг.
Сүүлийн өдрүүдэд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд халдлагад өртсөн нь нөхцөл байдал ийн муудахад голлон нөлөөлж байна. Арабын Нэгдсэн Эмират Улс Ираныг “Abu Dhabi National Oil Company”-ийн ажиллуулдаг хөлөг онгоцуудад халдсан гэж буруутгасан байна. Үүний дараа далайн тээврийн компаниуд Ормузын хоолойгоор зорчих шийдвэрээ хойшлуулах, өөр маршрутаар явах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Үүний зэрэгцээ АНУ, Ираны хоорондын дипломат хэлэлцээ мухардсан хэвээр байна. Тегераныг тохиролцсон нөхцөлөө биелүүлээгүй гэж Вашингтон үзэж байгаа бол “АНУ өөрийн амлалтаа, тэр дундаа хориг болон бүслэлттэй холбоотой асуудлаарх үүргээ биелүүлээгүй” гэж Иран мэдэгдэж байна. Хормузын хоолойг хэвийн ажиллуулах асуудал хоёр талын гол маргааны нэг хэвээр байна.
Үүнтэй холбоотойгоор 8 дугаар сарын 17-нд Brent маркийн газрын тосны үнэ эхэндээ баррель нь 89.40 ам.доллар хүрч өсөөд, дараа нь 89.28 ам.доллар орчимд тогтсон бол АНУ-ын WTI 81.74 ам.долларт хүрчээ. Газрын тосны үнэ өмнөх долоо хоногт тав гаруй хувиар өссөн байна.
Гэхдээ одоогоор Ормузын хоолойгоор газрын тосны нийлүүлэлт бүрэн тасарсан гэж хэлэхэд эрт байна. Зарим хөлөг Ираны талын маршрутаар нэвтэрч байгаа бөгөөд мөн дамжин өнгөрөх хөдөлгөөнийг бүрэн хэмжээгээр хянахад хүндрэлтэй байна. Гэсэн хэдий ч тээвэр эрс буурсан нь Дэлхийн эрчим хүчний зах зээлд түүхий тос тасрах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

