Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АТГ-ын гадна хэвлэлийн хурал хийлээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж:
-Ерөнхийлөгч байх сүүлийн хоёр жилд АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж, тодруулж байсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа 5 жил тодорхой асуудлуудаар шалгасан. Нийт 7 жил шалгасны дараа эдгээр асуудлаар “Хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байна” гэж хэргийг хүчингүй болгосон. Дараа нь шүүх хуралдаж, хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
“Хэрэг үйлдээд гараад явсан. Одоо буцаж ирлээ” гэж хүмүүс ойлгодог. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсээс хууль хяналтын байгууллагууд асуух, шалгах нь нээлттэй байх ёстой гэж би боддог.
Дараа нь буюу 2023 оны 9-р сард Стэнфордын их сургуульд уригдаж явсан. Одоогоор олон улсын 10 гаруй байгууллагад ажилладаг. Өнөөдөр эхэлсэн СОР17 чуулганд миний хамтарч ажилладаг 3 байгууллагын төлөөллүүд ирсэн. 2024 оны УИХ-ын сонгуульд миний нэрийг ашигласан улс төрийн муухай гүтгэлэг баахан тараасан байдаг. Тэр үед олон улсын хууль сахиулах байгууллага Интерпол руу миний нэрийг явуулсан. Тэр байгууллага нь жил гаруй шалгаад, “Улс төрийн шалтгаантай юм байна” гэж манай хууль сахиулах байгууллагын хүсэлтийг хүчингүй болгосон. Хууль шүүхийн болон олон улсын байгууллагын талаасаа ч асуудал байгаагүй.
Ер нь олон улсад хамгийн нээлттэй, ил тод явдаг монгол хүмүүсийн нэг бол би. Хаана юу хийж яваагаа үргэлж хэлж, ярьж явдаг.

