Европт үргэлжилж буй хэт халалт, гангийн улмаас Дунай мөрний усны түвшин түүхэнд байгаагүйгээр татарч, 80 гаруй жил усан дор байсан Дэлхийн II дайны үеийн байлдааны хөлөг онгоц, тэсрээгүй зэвсгүүд ил гарч байна. Сербийн Прахово хотын орчимд Дунай мөрний ус татарснаар 1944 онд Германы арми ухрах үедээ живүүлсэн байлдааны олон хөлөг онгоцны үлдэгдэл ил гарчээ. Тухайн үед Зөвлөлтийн арми давшиж ирэх үед Германы талын усан флотын олон зуун хөлөг онгоцыг Дунайд зориуд живүүлсэн аж. Одоогоор тэдгээрийн зарим нь голын ёроолоос бүрэн шахам ил гарчээ.
Хамгийн анхаарал татаж буй зүйл нь эдгээр хөлөг онгоцны зарим нь сум, тэсрэх бодис агуулсан хэвээр байгаа явдал юм. Ус татарснаар тэсрээгүй байлдааны хэрэгслүүд ил гарч, усан замын хөдөлгөөнд аюул учруулах эрсдэл нэмэгдсэн байна.
Үүнээс гадна Дунай мөрний татарсан хэсгүүдээс Дэлхийн II дайны үеийн тэсрээгүй бөмбөг, артиллерийн сум болон бусад цэргийн эд зүйлс илэрчээ. Будапешт орчимд бүр цэргийн мотоцикл болон тухайн үеийн цэргийн шарил илэрсэн байна.
Эдгээр олдворууд нь зөвхөн түүхийн дурсгал төдийгүй аюултай тэсрэх хэрэгсэл учраас мэргэжлийн байгууллагуудын хяналт шаардлагатай болж байна. Усны түвшин дахин буурах тусам голын ёроолд нуугдсан шинэ зэвсэг, хөлөг онгоцны үлдэгдэл илрэх боломжтой гэж мэдээлжээ.

