“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Эрдэнэцогтод холбогдох авлигын хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэв. Тэр “Эрчим хүчний төсөл 2” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЦТС-г шинэчлэх төслийн хүрээнд барьж байгаа эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажилласан.
Ингэхдээ Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль зөрчиж, Улсын комиссын дүгнэлтэд гарын үсэг зурахын тулд Р ХХК-ийн гүйцэтгэх захирлаас жолоочийнхоо дансаар дамжуулан, 5 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болохыг АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ. Түүнийг 2026.02.02-нд АТГ саатуулан шалгасан юм. Нийслэлийн Прокурорын газар уг яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх өнөөдөр уг хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жил хасаж, 1 жил хорих ял оноолоо.

