horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Коста-Рикагийн 1 эрэг үерт автаж, нөгөө эрэгт ган болж байна

post-img

Коста-Рика улсыг дараалан 2 удаа халуун орны давалгаа дайран өнгөрсний улмаас Карибын эрэг болон хойд бүсүүдэд хүчтэй аадар бороо орж, гудамж талбай үерт автан, иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. 8 дугаар сарын 17-ны байдлаар 500 орчим хүн түр хамгаалах байранд байрлаж, үерийн улмаас 862 сургууль хичээлээ түр зогсоосон байна. Лимон муж болон хойд бүс, Турриальба орчимд улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлажээ.

Онцгой байдлын албан хаагчид Серапики, Лимон мужийн үерт автсан газруудаас 160 гаруй хүнийг завиар болон бусад хэрэгслээр нүүлгэн шилжүүлсэн байна. Турриальба хотод хэд хэдэн байшин эвдэрч, зарим нь мод унасны улмаас бүрэн сүйджээ. Мөн Сан-Хосе–Лимон хотыг холбосон 32 дугаар авто зам түр хаагдсан байна.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Карибын эргийн голын сав газруудын хөрсний чийг 90–100 хувьд хүрсэн тул бороо орох бүрт ус хөрсөнд шингэхээсээ илүү шууд урсаж, үер болон хөрсний гулгалтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зарим бүсэд ойрын 12 цагт 90 мм-ээс давсан хур тунадас орох төлөвтэй.

Коста-Рика улсын Ерөнхийлөгч Лаура Фернандес Лимон мужийн үерт нэрвэгдсэн бүсүүдэд очиж, нөхцөл байдалтай танилцав. Карибын эрэгт онцгой байдал зарлах асуудал яригдаж байна.

Сонирхолтой нь, тус улсын Карибын эрэг үертэй тэмцэж байхад Номхон далайн эрэгт жилийн хамгийн хуурай үе үргэлжилж байгаа аж. Ийнхүү нэг улсын хоёр эрэгт нэгэн зэрэг эрс тэс цаг агаар ажиглагдаж байна.

0/1000