horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Аймгийн арслан Т.Дүүрэнсарангийн шээсний А сорьцоос сэргээш илэрчээ

post-img

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 7 дугаар сарын 12-нд Үндэсний их баяр наадамд барилдсан, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн арслан Төмөрийн Дүүрэнсарангаас шээснээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон дростанолоны метаболит илэрчээ. Түүнээс авсан сорьцыг ХБНГУ-ын Дрезден хот дахь Допингийн шинжилгээ ба спортын биохимийн институтэд (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) хүргүүлэн шинжлүүлсэн аж. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас итгэмжилсэн лаборатори юм.

Т.Дүүрэнсарангаас илэрсэн бодис нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон бодисын жагсаалтын S1.1 ангилалд хамаардаг, анаболик андрогены стероид гэнэ. Дростанолон бол уг жагсаалтын тусгайлан заагаагүй бодисын ангилалд хамаардаг аж. Уг бодис түүний шээснээс авсан А сорьцоос илэрчээ.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 2.4.1-д тамирчны сорьцод хориглосон бодис, түүний метаболит эсхүл маркер илэрсэн байхыг, 2.4.2-т тамирчин хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэсэн эсхүл хэрэглэхийг завдсан байхыг тус тус допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцохоор зохицуулсан байдаг. Т.Дүүрэнсарангаас сэргээш илэрсэн учир Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Үндэсний бөх болон Сурын харвааны салбар хорооноос хамтран байгуулсан Үр дүнгийн удирдлагын хараат бус баг “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн дагуу нягтлан шалгаж байна.

Үр дүнгийн удирдлагын баг Допингийн эсрэг үндэсний дүрмийн 7.11-д заасны дагуу Т.Дүүрэнсаранг 7 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн аливаа спортын тэмцээн, уралдаан, бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүллээ.

Т.Дүүрэнсаран одоо Б сорьцоо нээлгэж шинжлүүлэх хүсэлт гаргах, лабораторийн баримт бичгийн багцыг авах, тайлбар болон нотлох баримт гаргах, сонсголын буюу анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх эрхтэй. Учир нь А сорьцын сөрөг илэрц нь дангаараа сэргээш хэрэглэсэн гэдгийг илэрхийлэхгүй. Хэрэв тэр “Допингийн эсрэг үндэсний дүрэм” зөрчсөн нь эцэслэн тогтоогдвол уг дүрмийн 10.53-т заасны дагуу сорьц цуглуулсан өдрөөс хойш оролцсон холбогдох тэмцээн, уралдааны үр дүнг хүчингүй болгох, медаль, оноо болон шагналыг хураах юм.

0/1000