Монгол Улсад сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоо 792.000 төгрөг байна. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.000.000 төгрөг болгож, шинэчлэн тогтоолоо. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 208.000 төгрөгөөр нэмэгдэж байна.
Үүнтэй уялдан 2027.01.01-нээс бүх хүний цалин, хөдөлмөрийн хөлсний орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татвараас 100.000 төгрөг хөнгөлөхөөр болж байна. Энэ нь жилд 1.200.000 төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нь зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг ажилтанд бус, цалин хөлсөөр ажилладаг бүх хүнд хамаарах бодит дэмжлэг юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь энгийн ажил эрхэлж буй ажилтанд олгох үндсэн цалин, хөлсний хуулиар баталгаажуулсан хамгийн доод хязгаар юм. Ажил олгогч ажилтны үндсэн цалинг энэ хэмжээнээс доогуур тогтоох эрхгүй.
Харин тодорхой боловсрол, мэргэжил, ур чадвар шаардсан ажлын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хуулиар хориглодог. Ийм ажил эрхэлж буй ажилтны цалин мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, ачаалал, хариуцлагатай уялдан 1.000.000 төгрөгөөс өндөр байх ёстой гэж МҮЭХ мэдээллээ.

