Индонез улсын Флорес аралд 8 дугаар сарын 15-нд болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа аврах, тусламжийн ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас 68 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж, 4,500 гаруй байшин эвдэрчээ. Ойролцоогоор 19 мянган хүн түр хамгаалах байранд орсон байна.
Газар хөдлөлтийн голомт Флорес арлын ойролцоох далайд, ердөө 10 орчим километрийн гүнд байсан нь чичирхийллийн хүчийг нэмэгдүүлжээ. Үүний улмаас Нуса-Тенггара мужийн хэд хэдэн бүсэд байшин, сургууль, эмнэлэг болон бусад барилга байгууламж ихээхэн эвдэрсэн байна.
Нагекео мужийн Нангадхеро тосгонд хүчтэй чичирхийллийн улмаас лалын сүм бүрэн нурж, барилгын үлдэгдэл газартай тэгш шахам болжээ. Уг сүм 15-ны гамшигт тэсэж үлдсэн ч 2 хоногийн дараа нурсан байна. Үргэлжилсэн олон чичирхийллийн улмаас нурсан байж болзошгүй аж.
Мөн олон айлын байшин хана, дээвэр газар хөдлөлтийн дараа нурж, зарим сууцыг ашиглах боломжгүй болсон байна.

Газар хөдлөлтийн дараа 1,500 гаруй давтан чичирхийлсэн бөгөөд хөрсний гулгалтаас болж зарим зам хаагдан, тусгаарлагдсан тосгодод тусламж хүргэхэд хүндрэлтэй байгаа аж. Аврах багийнхан нуранги дор үлдсэн байж болзошгүй хүмүүсийг эрэн хайсаар байна.
Мөн газар хөдлөлтийн дараа цунамигийн сэрэмжлүүлэг богино хугацаанд зарлагдсан. Дараа нь цуцлагдсан боловч зарим эрэг орчимд 1.6 метр хүртэл өндөр давалгаа бүртгэгджээ. Индонезийн эрх баригчид гамшгийн бүсэд цэрэг, цагдаа, аврагчдыг нэмэгдүүлэн ажиллуулж, хоол хүнс, ус, эм, майхан зэрэг нэн шаардлагатай тусламжийг хүргэж байна. Гэвч зам, холбоо тасарсан зарим бүсэд тусламж хүрэхэд хүндрэлтэй хэвээр байна.
Флорес арал Номхон далайн “Галын цагираг”-т оршдог. Газар хөдлөлт, цунамигийн өндөр эрсдэлтэй бүс юм. 2026 оны энэ удаагийн газар хөдлөлт нь тус улсын 2022 оноос хойших хамгийн олон хүний аминд хүрсэн газар хөдлөлт болж байна.

