horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ахлах сургуульд буу ашигласан хэрэг гарч, 2 сурагч амиа алджээ

post-img

Филиппин улсын өмнөд хэсэгт орших Замбоанга хотод өнөө өглөө (8 дугаар сарын 18) ахлах сургуулийн цогцолборт буун дуу гарч, 2 сурагч амиа алдлаа. Амиа алдсан 2 хүний 1 нь халдлага үйлдсэн сурагч байсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлэв.

“Ateneo de Zamboanga” их сургуулийн ахлах сургуулийн байранд хичээл эхлэхийн өмнөхөн энэ хэрэг болсон байна. Цагдаагийн урьдчилсан мэдээллээр 9 дүгээр ангийн сурагч гар буу, винтов авчирч, ангидаа гал нээжээ. Тэр нэг ангид хамт сурдаг, өөрөөсөө ах эрэгтэй сурагчийг буудан хөнөөгөөд, өөрийгөө буудаж, амиа хорлосон байна.

Хотын захирагч Хаймер Адан Оласо уг халдлагыг үйлдсэн сурагч биедээ камер зүүсэн байсан тухай мэдээлж, уг хэргээ олон нийтэд шууд дамжуулсан байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ энэ нь одоогоор яг тодорхой болоогүй аж. Уг сурагч яг ямар шалтгаанаар ийм хэрэг хийснийг мөрдөн шалгаж байна.

Буун дуу гарсны дараа тус сургуулиас олон зуун сурагчийг яаралтай нүүлгэн шилжүүлж, цагдаа болон хамгаалалтын ажилтнууд сургуулийн байрыг хамгаалалтад авчээ. Сургуулийн ерөнхийлөгч Эрналд Андалын мэдээлснээр нөхцөл байдал хяналтад орж, өөр зэвсэгт этгээд байхгүй гэж үзсэн байна.

“Ассошэйтэд пресс” агентлагийн мэдээллээр 2 хүн шархадсан байж болзошгүй аж. Одоогоор мөрдөн байцаагчид уг халдлагын сэдэл, галт зэвсгийг сургуульд хэрхэн оруулсан болон сургуулийн хамгаалалтын системд алдаа гарсан эсэхийг шалгаж байна.

Энэ нь Филиппинд сүүлийн хоёр сарын хугацаанд буу ашигласан 2 дахь хэрэг болж байна. Зургадугаар сард Таклобан хотын нэгэн сургуульд гарсан ийм хэргийн үеэр 3 сурагч амиа алдаж, 20 орчим хүн шархадсан юм.

0/1000