Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын эм, био бэлдмэлийн чанарын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч, мал эмнэлгийн хяналтын асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч П.А, М.С нар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн хяналт, шалгалтгүйгээр улсын хилээр нэвтрүүлжээ. Үүнийхээ шанд тэд иргэн Э.Э-оос 2025 оны 10 дугаар сарын 27-нд 7 сая төгрөгийн хахууль авсан байна.
Энэ хэргийг АТГ илрүүлэн шалгаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Тэдэнд хахууль өгсөн Э.Э Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн хяналт, шалгалтгүйгээр улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор гаалийн улсын байцаагч П.А, М.С нарт 7 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогджээ.
П.А, М.С нарт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), Э.Э-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтанд хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

