Орос, Украины хоорондын алсын тусгалт цохилтууд эрчимжиж, хоёр тал бие биенийхээ боомт, эрчим хүч болон цэрэг-аж үйлдвэрийн байгууламжуудыг онилсоор байна.
Оросын арми 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Украины өмнөд хэсэгт орших Одесс мужийн Измаил боомтын дэд бүтцэд цохилт өгчээ. Украины эрх баригчдын мэдээлснээр уг халдлагын улмаас гал гарсан байна. Уг галыг унтраажээ. Измаил бол Дунай мөрөн дээр байрладаг, Украины хамгийн том боомтын нэг юм.
Оросын Батлан хамгаалах яам харин “Измаил боомт дахь цэргийн зориулалттай ачаа буулгадаг зогсоол, Барууны цэргийн техник хадгалдаг ангар болон тэнгисийн дроны агуулахуудыг устгасан гэж мэдэгджээ. Гэвч эдгээр мэдэгдлийг “Ройтерс” агентлаг баталгаажуулж чадаагүй байна.
Үүнээс гадна Одессын боомт дахь эргүүлийн завь, шатахууны агуулахыг цохисон гэж Оросын тал мэдэгдсэн бол Украины орон нутгийн эрх баригчид Того улсын далбаатай иргэний хөлөг онгоц гэмтэж, 4 хүн шархадсан гэж мэдээллээ.

Украин үүний хариуд ОХУ-ын нутаг дэвсгэр дэх цэрэг-аж үйлдвэрийн болон эрчим хүчний объектуудыг онилох ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Сүүлийн өдрүүдэд Украины дронууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэр, агуулах болон цэргийн үйлдвэрлэлтэй холбоотой байгууламжууд jee чиглэж байна.
Украины ийм цохилтын гол зорилго нь Оросын армийн шатахуун, зэвсэг, ложистикийн хангамжийг тасалдуулахад чиглэж байгаа бол Оросын тал Украины эрчим хүч, боомт болон үйлдвэрлэлийн дэд бүтцийг системтэйгээр онилж байна.

