Колумбын баруун хэсэгт 8 дугаар сарын 10-нд гзар 7.4 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас олон мянган барилга байгууламж эвдэрч, түүхэн дурсгалт барилгууд ч ихээхэн хохирол амсжээ. Энэ нь тус улсад энэ зуунд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Хамгийн их анхаарал татсан хохирлын нэг нь Манисалес хотын Розарийн хатагтайн сүм юм. Нео-готик хэв маягаар барьсан тус түүхэн сүмийн хажуугийн нэг цамхаг газар хөдлөлтийн үеэр хэсэгчлэн нурж, фасад болон бусад бүтцэд нь ан цав үүссэн байна.
Манисалесийн хамба Жозе Мигель Гомес Родригес уг сүмийг бүс нутгийн чухал бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлоод, барилгын гэмтэл ноцтой байгааг мэдээлжээ. Түүхэн барилгын бүтцийг аюулгүй болгох, нурсан хэсгийг сэргээх нь энгийн засвар биш тул нарийн мэргэжлийн инженер, архитектор, өв соёлын мэргэжилтнүүдийн оролцоотой олон үе шаттай ажил болох төлөвтэй байна.
Зөвхөн нурсан цамхгийг дахин барих бус, барилгын түүхэн хийц, архитектурын онцлогийг хадгалан, газар хөдлөлтийн шинэ эрсдэлд тэсвэртэй байдлаар сэргээх явдал юм. Тиймээс сүмийг бүрэн сэргээх ажил богино хугацаанд дуусахгүй, олон жил үргэлжлэх төлөвтэй байна.
Газар хөдлөлт зөвхөн Манисалес хотод бус, Кали, Перейра, Кибдо болон бусад хотод өргөн хэмжээний сүйрэл дагуулжээ. Орон сууц, эмнэлэг, сургууль, зам, нисэх буудал зэрэг дэд бүтэц гэмтэж, олон мянган айл өрх орон гэргүй болсон байна.
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелья наймдугаар сарын 18-нд газар хөдлөлтийн урьдчилсан эдийн засгийн хохирлыг 30 их наяд песо буюу ойролцоогоор 9.58 тэрбум ам.доллар гэж тооцоолсноо мэдэгдэв. Үүний 24.5 их наяд песо нь барилга байгууламж, 5.5 их наяд песо нь дэд бүтцийн хохиролтой холбоотой байна.
Албан ёсны шинэчилсэн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас 280 хүн амиа алдаж, 4,000 гаруй хүн гэмтэж, 143 хүн сураггүй хэвээр байна. Гэхдээ эдгээр тоо аврах ажиллагаа болон хохирлын үнэлгээ үргэлжилж байгаа тул цаашид өөрчлөгдөж болзошгүй юм.
Дэлхийн банк Колумбын яаралтай тусламж, сэргээн босголтын ажилд зориулж 200 сая ам.долларын санхүүжилт гаргасан байна. Уг хөрөнгийг орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээ, жижиг бизнес болон бусад яаралтай хэрэгцээнд ашиглахаар төлөвлөжээ.

