Оросын арми 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Украины өмнөд хэсэгт орших Одесс мужийн Измаил боомтын дэд бүтцэд цохилт өгчээ. Украины эрх баригчдын мэдээлснээр уг халдлагын улмаас гал гарсан байна. Уг галыг унтраажээ.
Измаил бол Дунай мөрөн дээр байрладаг, Украины хамгийн том боомтын нэг юм. Одессын боомтууд Украины үр тариа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Дэлхийн зах зээлд гаргах гол гарц. Одоо ч ийм хэвээр байгаа аж. Эндхийн боомтуудын үйл ажиллагаа доголдох тусам Украины экспорт буурч, улмаар Дэлхийн хүнсний нийлүүлэлтэд дарамт нэмэгдэх эрсдэлтэй. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр 8 дугаар сард Украины үр тарианы экспорт өмнөх оны мөн үеэс 76 хувиар буурсан байна.
Украин өнгөрсөн долоо хоногт Хар тэнгист иргэний объект болон хөлөг онгоцонд хийх харилцан довтолгоог зогсоох санал Орост тавьсан. Гэвч Москва уг саналыг албан ёсоор хүлээн авсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Энэ хоёр улсын дайн фронтын шугамаас гадна боомт, нефтийн үйлдвэр, цэргийн үйлдвэрлэл, ложистикийн төвүүдийг онилж байна. Алсын тусгалт техникийн дайн улам эрчимжиж байгаа нь Орос, Украины мөргөлдөөний шинэ гол чиг хандлага болоод байна.

