horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Украины цохилтоос болоод Оросын шатахууны үйлдвэрүүд 14.75 тэрбум ам.доллароор хохироод байна

post-img

Энэ оны 8 дугаар сарын байдлаар ОХУ-ын газрын тос боловсруулах 24 томоохон үйлдвэр Украины дроны цохилтод ямар нэг байдлаар өртлөө. Зөвхөн энэ 8 дугаар сар гарсаар одоогийн байдлаар Украины тал Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж, цохилт өгсөн байна.

Үүний нийт хохирлын хэмжээ 14.75 орчим тэрбум ам.доллар. Үүнээс зөвхөн тоног төхөөрөмжийн хохирол 3.34 тэрбум ам.долларт хүрсэн байна. ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрлэл 40-45 хувиар буурч, түлш боловсруулалт хоногт 3.5 сая баррель болж буурав. Энэ нь сүүлийн 21 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Одоогийн байдлаар 14 томоохон үйлдвэр үйл ажиллагаагаа бүрэн болон хэсэгчлэн зогсоожээ. 10 орчим үйлдвэр буцаад хэвийн ажиллагаандаа орж, дотоодын зах зээлийн хомсдолыг нөхөх хэмжээнд ажиллаж байгаа боловч Өрнөдийн технологийн хоригоос шалтгаалан, Оросын компаниуд сэлбэг хэрэгслээ гадаадаас авч байгаа аж. Сэлбэгээ ихэвчлэн БНХАУ-аас авч байна. Үйлдвэрүүдийг бүрэн засахад дунджаар 6 сараас 1 жил шаардлагатай.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2026 оны 1-8 дугаар сарын байдлаар ОХУ-ын нийт мужийн 94 хувьд буюу 89 засаг захиргааны нэгжийн 83-т нь шатахуун хомсдов. Ялангуяа АИ95 зэрэг өндөр октантай шатахуун үйлдвэрлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдож, шатахууны зах зээлд 30 гаруй хувийн хомсдол огцом үүсжээ.

Энэ оны 1 дүгээр сараас хойш ОХУ-д нийт 322 ШТС засвар хийх эсвэл компанийн бүтцийн өөрчлөлтөөс хамааран, үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 70%-иар өссөн үзүүлэлт юм. Үүний нөлөөгөөр ОХУ дахь бүх ШТС-ын 2 орчим хувь буюу ойролцоогоор 500 ШТС үүдээ түр барьжээ.

0/1000