Болив улсын баруун өмнөд хэсэгт орших Андын өндөрлөгт их хэмжээний цас орж, зам харилцаа хаагджээ. Үүний улмаас малчдын гол амьжиргаа болсон лам гөрөөс, альпака зэрэг мал сүрэг өвс тэжээлгүй болов.
Потоси мужийн Сүд Липес орчмын өндөрлөгийг зузаан цас бүрхэж, зам, барилга байгууламж цасанд дарагдсан байна. Эндхийн малчид малаа аврахаар цас ихтэй бүс рүү цуваагаар явж буйгаа “Ройтерс” агентлагийн сэтгүүлчид ярьжээ. Малчны хэлснээр, цас их орсны улмаас лам гөрөөс, төл малыг уг бүсээс гаргаж авах, тэжээлээр хангах шаардлага үүссэн байна. Тэрээр тухайн бүс нутагт өвс, тэжээл хомсдож, малд өгөх зүйл бараг байхгүй болсон талаар ярьжээ.
Энэ бүс нутагт өвлийн хэт хүйтэн, их цасны улмаас малын бэлчээр, усны эх үүсвэр цас мөсөнд дарагдах нь мал аж ахуйд шууд дарамт болдог. Өмнө нь буюу долдугаар сарын эхээр мөн Сан-Пабло-де-Липес орчимд ихээхэн цас орж, 12 нийгэмлэг өртөн, бэлчээр цасанд дарагдсаны улмаас мал тэжээлгүй болсон аж.
Тухайн үеийн Боливийн албан ёсны мэдээллээр 25 мянга орчим мал хүйтэнд осгох, тэжээлээр хомсдож, 740 гаруй өрх уг гамшигт хохирсон байна. Зарим мэдээллээр 4 төл хорогдож, замууд мөс, цасаар хучигдан хөдөлгөөнд хүндрэл учирчээ.
Өндөрлөг бүсэд температур -12-15 хэм хүрч хүйтрэн, малын бэлчээр, ус хөлдөж, хүйтний нөлөө намар, хаврын улиралд ч үргэлжилж болзошгүйг орон нутгийн эрх баригчид анхааруулж байжээ. Шинэ цасны давалгаа яг хэдий хэмжээний талбай хамарсан, хэдэн мал хорогдсон талаарх наймдугаар сарын 19-ний эцсийн албан ёсны тоо одоогоор тодорхой болоогүй байна.

