ОХУ бензиний дотоодынхоо нийлүүлэлтийг тогтворжуулахын тулд Энэтхэгээс бензин импортолж эхэлсэн байна. “Ройтерс” агентлагийн мэдээллээр Энэтхэг улсын Вадинар боомтоос ачсан ойролцоогоор 68 мянган тонн бензин Оросын Арктик дахь Витино боомтод хүргэж, тэндээс төмөр замаар хуурай газар луу тээвэрлэж эхэлжээ. Ойрын хоёр долоо хоногт тус улс Энэтхэгээс дор хаяж хоёр удаа нэмж бензин ачуулах төлөвтэй байна.
Дотооддоо бензин хомсодсон тул Оросын Засгийн газар гадаадад шатахууны гаргахыг хориглож, Беларусь, Казахстан зэрэг улсаас нефтийн бүтээгдэхүүн импортлох арга хэмжээ авчээ.
Үнэ, тээврийн зардалд хомсдол нөлөөлж эхлэв
Шатахууны нийлүүлэлт тасалдах нь зөвхөн машин эзэмшигчдэд төдийгүй тээврийн салбарт дарамт болж байна. “Ройтерс” агентлагийн мэдээллээр ОХУ-д түлшний үнэ 16-18 хувиар өсөж, үүнийг дагаад ачаа тээвэрлэх зардал нэмэгдсэн байна. Зарим бүс нутагт тээврийн компаниуд шатахуун хэмнэхийн тулд богино чиглэлд ажиллахад хүрчээ.
Ийнхүү Дэлхийн томоохон нефть олборлогч, экспортлогчдын нэг ОХУ дотоодын зах зээлийг бензинээр тогтвортой хангахын тулд шатахууны борлуулалтыг хязгаарлаж, улмаар гадаадаас бензин импортлоход хүрээд байна.

