horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох албан тушаалын хэргийг АТГ дахин шалгаж дуусжээ

post-img

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох албан тушаалын хэргийг Авлигатай тэмцэх газар дахин шалгаж дуусаад, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Ж.Энхжаргалан албаны эрх мэдэл, нөлөөгөө ашиглан, зохих тушаал, шийдвэргүйгээр бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.

Ж.Энхжаргалан 2024-2025 онд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Тэр ёс зүйгүй үйлдэл гаргаад, уг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.

Тэрээр үнэлгээний хороо байгуулж, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222.8 сая төгрөгийг “Каар трейд” компанид шилжүүлж, давуу байдал олгосныг АТГ тогтоосон аж. Түүнчлэн өөрийн хамаарал бүхий “Би Ар Би” ХХК-ийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан үйл ажиллагааны төлбөр болох 65.1 сая төгрөгийг төрийн өмчит аж ахуйн нэгжээр төлүүлж, улсад 42.6 сая төгрөгийн хохирол учруулсныг илрүүлэн, тогтоосон байна.

Мөн өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон зэрэг үйлдэлд түүнийг холбогдуулан шалгажээ. Түүнд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.11.1 “Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж, ашиглан дураараа аашилсан”, 22.1.1 “Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад, өөртөө давуу байдал бий болгосон” гэж зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Уг хэргийг энэ оны 4-р сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн.

Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 5 дугаар сард урьдчилан хэлэлцсэн. Ингээд “Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэх шаардлагатай. Тухайлбал: Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатараас гэрчээр мэдүүлэг авах ёстой” гэх зэрэг үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм.

0/1000