horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хятадын хувийн компани сансрын тойрог замд ажиллах пуужинг амжилттай хөөргөөд, буцааж газардууллаа

post-img

Хятад улсын, сансрын технологи хөгжүүлдэг “LandSpace” компани 8 дугаар сарын 19-нд “Zhuque-3” пуужингаа эхний шатанд амжилттай хөөргөөд, Дэлхийд буцаан газардууллаа. Энэ нь хувийн компани сансрын тойрог замд ажиллах пуужинг амжилттай сэргээн ашигласан анхны тохиолдол болов.

“LandSpace” компани 66.1 метр өндөр, зэвэрдэггүй ган их биетэй “Zhuque-3” пуужинг Хятадын баруун хойд хэсэгт орших Дунфэнг сансрын инновац турших бүсээс хөөргөсөн байна. 9 хөдөлгүүртэй энэ пуужинг хөөрөх талбайгаас ойролцоогоор 390 км-ийн зайд Ганьсу мужид тусгай талбайд буулгажээ.

Энэ туршилтаараа “LandSpace” тойрог замын пуужинг амжилттай буцаан газардуулсан “SpaceX”, “Blue Origin” компанийн эгнээнд орж байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, дахин ашиглах технологи нь пуужин хөөргөх зардлыг бууруулж, хиймэл дагуулыг сансарт илүү ойр ойрхон, хямд өртгөөр хүргэх боломжийг нэмэгдүүлнэ.

“Zhuque-3” бол “SpaceX” компанийн “Falcon 9”-тэй өрсөлдөх зорилготой, Хятадын хувийн пуужингийн нэг юм. “LandSpace”-ийн мэдээлснээр уг пуужин метан болон шингэн хүчилтөрөгчөөр ажилладаг. Нэг удаа нисэхдээ Дэлхийн нам орбитод 14.2 тонн хүртэл ачаа хүргэх боломжтой. Тэгвэл “Falcon 9”-ийн нэг удаагийн хүчин чадал 22.8 тонн орчим байна.

“LandSpace” компани “Zhuque-3” пуужинг 20 удаа ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ удаа газардсан пуужинг ойрын зургаан сарын дотор дахин нислэгт ашиглахаар төлөвлөжээ.

Энэ бол тойрог замын пуужинг буцаан сэргээх гэсэн Хятадын 4 дэх оролдлого байв. “LandSpace” 2025 оны 12 дугаар сард дахин ашиглах пуужин туршсан боловч хөөрсний дараа удирдлагатайгаар газардах ажиллагааг бүрэн гүйцээж чадаагүй.

Харин энэ оны 7 дугаар сард Хятад улсын төрийн өмчит компани далайд хөвөгч тавцан дээр тор ашиглан, пуужинг барьж авах туршилтаа амжилттай хийсэн. Тиймээс Хятад улс нэг талаас тороор барьж авах, нөгөө талаас хөл гарган газардуулах гэсэн хоёр өөр дахин ашиглах технологийг зэрэг хөгжүүлж байна.

“LandSpace” энэ амжилтаа арилжааны бизнес болгон өргөжүүлэхээр зорьж байгаа аж. Тус компани Шанхайн хөрөнгийн биржийн “Star Market”-д IPO хийхээр бэлтгэж байна. Тус компани IPO-оор 7.5 тэрбум юань буюу ойролцоогоор 1.11 тэрбум ам.доллар татаж, дахин ашиглах пуужингаа санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 2029 он гэхэд ашигтай ажиллахаар тус компани зорьж байна.

Шинжээчдийн хувьд энэ үйл явдал Хятадын сансрын хувийн компани “SpaceX”-ийн дахин ашиглах пуужингийн технологийн давуу талыг нөхөх бодит өрсөлдөөнд орж буйн дохио болж байна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

0/1000