Монгол, Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Хойд Цэнхэрийн агуйд 2026 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10 хүртэл малталга судалгаа хийв. Тэд агуйн баруун урд хатавч хэсгээс эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлжээ.

Энэ агуйн зосон зургуудыг анх 1952 онд нэрт газарзүйч О.Намнандорж шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулсан юм. Үүнээс 74 жилийн дараа дахин эртний зосон зураг бүхий шинэ хунх эндээс олов.

Уг судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колародагийн их сургуулийн багш, доктор Вильям Тэйлор нар ахалсан байна. Тус багт Археологийн хүрээлэнгийн археологич, докторант Т.Түвшинжаргал, Юта их сургуулийн судлаач, доктор Айзик Харт, ХБНГУ-ын Макс Планкийн хүрээлэнгийн архео-ботаникч, доктор Роберт Спенглер, Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Энхтөр нарын хүмүүс хамтран ажилласан гэж ШУА-ийн Археологийн хүрээлэн мэдээллээ.


