Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт шонхор шувуу барьж явсан арабууд Монгол Улсын иргэнийг машинаар дайрч хөнөөсөн. Тухайн үед 14 настай хүү нь хамт явж байгаад, аавыгаа бусдын гарт хэрхэн амиа алдахыг харжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан, тус сумын ЗДТГ “Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас Шонхор шувуу барих отог, кемп байрлуулах гэрээ байгуулаагүй. Шонхор шувууны нүүдэл, байршлыг харгалзан, манай суманд отог, кемп байрлуулах зөвшөөрөл хүссэнийг олгоогүй болно.
Зэргэлдээ сумдад байрших отгийнхон тус сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх, нутаг дэвсгэрт шувуутай хөөцөлдөх зэрэг үйлдлүүд удаа дараа гарч, сумын ЗДТГ, Цагдаагийн хэсгээс хоёр удаа ажлын хэсэг гарч, тухайн бүсэд ажиллахдаа бэлчээр нутаг талхлахгүй байх, зам харгуй шинээр гаргахгүй байх, нутгийн иргэд, малчдыг бухимдуулахгүй байхыг удаа дараа сануулсан.
Хууль тогтоомж зөрчсөн, нутаг дэвсгэрт удаа дараа орж ирж, шонхор шувуу хөөцөлдөж барьж байгаа байдлыг харгалзан сумын удирдлагын багаас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нэг гэрээ байгуулсан боловч одоогоор сумын төрийн сан, ОНХС-д мөнгө аваагүй болно.
Хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд иргэд та бүхнийг олон нийтийн сүлжээгээр иргэдийг бухимдуулах таагүй зүйл бичихгүй байхыг хүсье” гэж мэдэгджээ.

