Мексик улсын баруун хэсгийн Мичоакан мужид цэргийн ажиллагаа явуулсны дараа зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд хариу арга хэмжээ авч, олон тооны тээврийн хэрэгсэл шатаан, зам хаасан байна. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, 8 дугаар сарын 19-нд болсон ажиллагааны үеэр Жалискогийн шинэ үеийн картель (CJNG)-тэй холбоотой 9 хүнийг баривчилсан нь хүчирхийллийн шинэ давалгааг өдөөжээ.
Баривчлагдсан хүмүүсийн дунд тус бүлэглэлийн бүс нутгийн толгойлогч Херардо Гуэрреро (Тио Лако)-гийн ойрын хүмүүс байсан аж. Харин Тио Лако өөрөө баривчилгаанаас зугтсан гэж эрх баригчид мэдээлжээ. Мексикийн армийн тусгай хүчнийхэн ажиллагааны үеэр зэвсэг, машин, тэсрэх төхөөрөмжүүдийг хураасан гэж мэдээлсэн байна.
Үүний дараа Мичоаканы баруун хойд хэсэгт, ялангуяа Самора, Экуандурео орчимд 20 гаруй замыг картелийнхан хаасан байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд суудлын, ачааны машин зэрэг тээврийн хэрэгслийг шатааж, зам дээр хөндлөн байрлуулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулжээ.
Аюулгүй байдлын хүчнийхэн бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, замын хөдөлгөөнийг сэргээх ажиллагаа явуулжээ.
Мичоаканд үүссэн шинэ мөргөлдөөн нь CJNG доторх эрх мэдлийн тэмцэл ширүүсэж байгаатай холбоотой байж болзошгүй гэнэ. Тус картелийг олон жил удирдсан Немесио Осеуэра Сервантес (Эль Менчо) 2 дугаар сарын 22-нд Мексикийн армийн ажиллагааны үеэр амиа алдсан. Үүний дараа тус бүлэглэлийн эсрэг болон доторх тэмцэл эрчимжсэн. Түүний үхлийн дараа Мексикийн олон мужид машин, автобус шатаах, зам хаах зэрэг хариу халдлага гарч байв.
Тухайн үед Мичоакан зэрэг хэд хэдэн мужид шатаасан тээврийн хэрэгслээр зам хааж, иргэдийн хөдөлгөөнийг саатуулжээ. Энэ үеэр хүчирхийлэл олон мужид тархсан байна.
Мичоакан бол Мексикийн авокадо үйлдвэрлэгч хамгийн том бүс. АНУ-ын зах зээлд авокадо нийлүүлдэг гол бүсийн нэг юм. Нөхцөл байдал муудсанаас болж АНУ-д авокадо нийлүүлэх бизнес 8 дугаар сарын эхээр түр саатсан ч 13-нд бүрэн сэргэсэн байна. Мексик улс тэр үед АНУ-ын хөдөө аж ахуйн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Мичоаканд 1,500 гаруй цэрэг болон Үндэсний гвардийн алба хаагч байрлуулжээ.
Гэсэн ч энэ удаагийн хүчирхийлэл тус бүс нутагт аюулгүй байдал бүрэн бий болоогүйг харууллаа. Мичоаканд авокадо үйлдвэрлэгчид болон ажилчдаас мөнгө нэхэх, сүрдүүлэх зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн дарамт удаан хугацаанд үргэлжилжээ.

