Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийхээр болсон тухайгаа Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Эдийн засгийн өсөлтийг инфляц идэж байна. Төсвийн орлого төсөөлснөөс 2.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо.
Төр зардлаа хэмнэж, бүсээ чангална. Хэмнэсэн төсвөө цалин, тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зарцуулна. Төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна. Томилолт, сургалт, сурталчилгаа, эд хогшил, машин тэрэг, баяр ёслол, шагнал урамшуулал зэргийн зардлыг бүхлээр нь танаж байна. Урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэхээр тодотголд оруулж байна. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулсан. Бүх сайдын зардлыг бууруулж байна. Сайд нар зөвхөн цалингаа тавиад, өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулна.
Нөгөө талдаа ирэх 11 дүгээр сараас эрүүл мэндийн салбарын цалинг 20, соёл, спорт, төрийн үйлчилгээний салбарын цалинг 50 хувиар нэмнэ. Нийгмийн даатгалын хууль хэрэгжих хугацааг наашлуулж, суурь тэтгэвэр олгож эхэлнэ. Мөн хүнсний хангамжийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах зорилгоор стратегийн нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна.
Эрчим хүчний салбарт зохих арга хэмжээ авна. Энэ салбар алдагдалтай ажиллаж байгаа. Үнийн өсөлтийн дарамт үүсгэхгүйн тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас олгож, засвар, тоног төхөөрөмж шинэчлэхэд 92.7 тэрбум төгрөг тавьж өгч байна.
Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөр хэрэгжүүлж, нэг ангид 35-аас доош хүүхэд суух нөхцөл бүрдүүлнэ. Үүнд шаардлагатай төсөв нь 50 тэрбум төгрөг.

