Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том компанийн нэг болох “China Evergrande” группийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Хүй Каяньд тус улсын шүүх бүх насаар хорих ял оноож, хувийн бүх хөрөнгийг нь хураасан талаар Хятадын төрийн төв телевиз CCTV мэдээллээ. Хүй Каянь өнгөрсөн 4 дүгээр сард өөрийн эсрэг үүсгэсэн 8 зүйл ангитай хэрэгт буруугаа хүлээсэн юм. Үүнд хөрөнгөө зориулалтын бусаар ашигласан, хөрөнгө босгох нэрээр бусдыг залилсан, хууль бусаар олон нийтээс хадгаламж татсан зэрэг санхүүгийн гэмт хэрэг багтжээ.
“Evergrande” нэг үе Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын тэргүүлэгч компанийн нэг байв. Гэвч тус компанийн өр хэт хурдан нэмэгдэж, 2021 оноос өр, төлбөрөө төлөх чадваргүй болжээ. Тус компанийн нийт өр 300 тэрбум ам.доллароос давсан байна. Энэ нь Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том өрийн хямралын нэг болсон юм. Тус компанийн хямрал зөвхөн “Evergrande”-ээр хязгаарлагдаагүй. Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын бусад томоохон компани ч өрийн дарамтад орж, орон сууцны үнэ, барилгын салбар болон хэрэглэгчдийн итгэлд сөргөөр нөлөөлсөн аж.
2024 онд Хонконгийн шүүх “Evergrande”-г татан буулгах шийдвэр гаргажээ. Энэ нь тус компанийн санхүүгийн хямралыг төгсгөх томоохон алхам болсон юм.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар эрчимтэй өсөж байсан үед Хүй Каянь “Evergrande”-ийг байгуулж, богино хугацаанд улсынхаа хамгийн чинээлэг бизнесменүүдийн нэг болсон. Түүний хөрөнгө оргил үедээ хэдэн арван тэрбум ам.долларт хүрч байв.
Гэвч өр зээлд тулгуурласан түргэн баяжих загвар нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл удаашрах үед компанийнх нь санхүүгийн байдлыг огцом муутгасан байна.

Шүүхийн шийдвэрээр Хүй Каяньд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа боловч “Evergrande”-д мөнгө зээлсэн дотоод, гадаадын зээлдүүлэгчдийн олон тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулах баталгаа болохгүй. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр түүний ял “Evergrande”-ийн сүйрэлд хариуцлага тогтоосон ч зээлдүүлэгчдэд нөхөн олговор болохгүй байж болзошгүй аж.
Ийнхүү Хүй Каяньд оноосон бүх насаар хорих ял нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт олон жил нүүрлэсэн, хамгийн их анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн нэгийг өндөрлүүллээ гэж “Ройтерс”, CCTV мэдээлэв.

