horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Жаргалан: Монголчууд бид махаа худалдаж авч чадахгүйд хүрсэн нь туйлын гутамшигтай

post-img

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2026.08.20/ 09:00 цагаас хуралдав. Уг хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Сүүлийн жилүүдэд бий болсон үнийн өсөлт бол олон улсын нөхцөл байдалтай холбоотой гэхээс илүүтэй, өнгөрсөн 10 жилд үнэмлэхүй олонхоор эрх барьсан Засгийн газрын макро эдийн засгийн алдаатай бодлогын шууд үр дүн юм. Зөвхөн 2026 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс 12 тэрбум ам.долларын экспорт хийгээд байна. Энэ бол 44 их наяд төгрөг. Манай гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханш ямар таатай байгааг илтгэж байна. Гадаад зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өндөр байх үед Засгийн газар эдийн засгийн бодлогын хувьд алдаа гаргаж, төсвөө хэт тэлж, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт нэмсний улмаас дотоод үнийн өсөлтөө дийлэхээ байгаад монголчууд бид өөрсдөө махаа худалдаж авч чадахгүйд хүрсэн нь туйлын гутамшигтай. Үүн дээр шатахууны хомсдол үүссэн нь он удаан жил асуудлаа шийдэхгүй явж ирсний гор юм. 

АН-ын бүлэг өмнөх долоо хоногт Засгийн газрыг улсын төсвийн тодотголоо яаралтай өргөн мэдүүлэх шаардлага тавьсан. Өнөө өглөө Ерөнхий сайд улсын төсвийн тодотгол өргөн мэдүүлснээ зарлалаа.

АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, эдийн засгийн нөхцөл байдлаа хэрхэн сайжруулах, хамгийн гол нь иргэдийн орлогыг хэрхэн хамгаалах тал дээр тодорхой гарц шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Иргэдийн орлогыг хамгаалах, шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулж, хэлэлцүүллээ. Уг тогтоолоор 3 бүлэг асуудал шийдвэрлэхээр зорьж байна. Тодруулбал: Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах буюу төсөв, мөнгөний бодлогыг зохистой түвшинд авч явах, нэн ялангуяа 2026 оны төсвийн тодотголоор алдагдлыг арилгах шаардлагыг ярилцсан. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд “Улсын төсвийн тодотгол хийх хэмжээг 1.4 их наядаар бууруулна” гэлээ.  Гэтэл өнөөдөр 2.4 их наяд төгрөг хүрсэн байна. Тэгэхээр 1.4 их наядын төсвийн тодотгол хангалтгүй. Бидний хувьд төсвийн алдагдлыг бүрмөсөн арилгаж, тодотгол хийх шаардлагыг хэлэлцлээ.

2027 оны төсвийг хэлэлцүүлэхдээ иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийнхээ татварын дарамтыг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэх зорилгоор НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгож бууруулах талаар тогтоолын төсөлдөө оруулж, танилцуулсан. Тиймээс Засгийн газар 2026 оны 9 дүгээр сарын 1-ний дотор шинэ төсвийг өргөн мэдүүлэх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэх шаардлагыг хэлэлцэж байна.

2-рт, шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Шатахууны нөөц, түгээлттэй холбоотой асуудалд шуурхай төлөвлөгөө баталж, иргэддээ танилцуулах ёстой. Тун удахгүй өвөл болж, эрчим хүчний доголдол эдийн засагт цохилт өгч болзошгүй. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг санал болгож байгаа.

Цаашид нийлүүлэлтийн шоокноос сэргийлэхийн тулд тээвэр ложистик буюу дэд бүтцийн салбарт алсыг харсан ажил хийхээр ярьж хэлэлцсэн. Мөн энэ тогтоолын төсөлтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэдийн дунд хэлэлцүүлгийг ойрын хугацаанд хийнэ. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол дээр баг бүрдүүлэн, ажлын хэсэг гаргаж, хэлэлцэж эхэлнэ. Мэдээж УИХ-ын дарга С.Бямбацогт ээлжит бусаар УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотгол болон бусад асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй. 

0/1000