Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагт хамаарах 859.4 м² талбайд иргэн П.А. Б.У нар хууль бусаар алт олборлож байгаад Экологийн цагдаагийн албанд баригджээ. Тэд 2024 оны 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний хооронд “Хюндэй” загварын экскаватор, “Зил-131” маркийн машин, ус соруулах насос, гитаран буу зэрэг техник хэрэгсэл ашиглан, тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлож, байгаль орчинд 27.5 сая төгрөгийн хохирол учруулсан аж.
Тэдэнд Я.Э, М.Г нар дэмжлэг үзүүлж, олборлосон алтыг нь худалдан авахаар амласан байна. Ингээд 2024 оны 7 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 25-ны хооронд П.А. Б.У нарын дансанд нийт 73.9 сая төгрөг шилжүүлжээ. Ийн тэд гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж бурууджээ.
Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх П.А, Б.У, Я.Э, М.Г нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Г, Я.Э нарыг 5.4-6.5 сая төгрөгөөр торгов. П.А, Б.У нарт хорих ял оногдуулахгүйгээр 2-2.6 жил тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн байгаль орчинд учруулсан 27.5 сая төгрөгийн хохирол, нөхөн сэргээх зардал 1.8 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүллээ. Алт олборлоход ашигласан экскаваторын үнэ 12.5 сая төгрөг, “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 73.9 сая төгрөгийг П.А нараас тус тус гаргуулахаар болов. Эд мөрийн баримт болгож, тэднээс хураасан нийт 745.3 грамм алтыг улсын орлого болголоо.

