horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Япон эрчүүд биеийнхээ үсний ургалтыг зогсоолгодог болжээ

post-img

Японд хэт халуун зун болж буйтай холбоотойгоор эрчүүдийн дунд биеийн үсээ авах хандлага эрс нэмэгдэж байна. Өмнө нь сахал, нүүрний шар үс арилгах үйлчилгээ зонхилдог байсан бол одоо хөл, гар зэрэг биеийн бусад хэсгийн үсний ургалтыг лазераар зогсоох залуус эрс олширчээ. Үүнийг дагаад гоо сайхны эмнэлэгт цаг авах гэсэн эрчүүдийн урт дараалал үүсэж буй тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Токиогийн Гинза дүүрэг дэх эрэгтэйчүүдийн үс арилгах үйлчилгээ үзүүлдэг “Gorilla” эмнэлэгт энэ зун үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэн байна. Тус эмнэлэг Япон даяар 23 салбартай. Өмнө нь нүүрний үс арилгах үйлчилгээ хамгийн их эрэлттэй байсан бол сүүлийн үед хөл, гар зэрэг биеийн бусад хэсгийн үс авахуулах гэсэн эрчүүд эрчимтэй олширчээ.

Бие үсгүй байвал хөлрөх үеийн таагүй мэдрэмж багасдаг

24 настай оффисын ажилтан Юки Кубо хөлнийхөө үсийг 4 дэх удаагаа лазердуулж байна. Тэрээр 2025 оны өвөл найзуудтайгаа Шинэ жилийн зорилгоо ярилцаж суухдаа биеийнхээ үсийг авахуулахаар шийдсэн гэнэ. Үсний ургалт зогсоох лазер эмчилгээний дараа арьс нь илүү цэвэрхэн харагддаг болж, хөлрөх үед төрдөг эвгүй мэдрэмж багассан гэж сэтгүүлчид ярьсан байна.

Энэ нь зөвхөн гоо сайхны асуудал биш. Японд зун улам халуун болж байгаатай холбоотой.

Япон эрчүүд шорт өмсөх нь олширчээ

Япон эрчүүд шорт өмсөх нь харьцангуй хязгаарлагдмал байв. Шорт бол хүүхэд эсвэл далайн эрэг, амралтын орчинд илүү тохиромжтой хувцас гэж тэд үздэг байжээ.

Харин энэ жил Токио хотын захиргаа хэт халалтын үед ажилтнуудын тав тухыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт зангиа, хүрэмгүй хувцаслах “Cool Biz” бодлогыг өргөжүүлж, илүү хөнгөн хувцас өмсөхийг дэмжиж байна. Үүний зэрэгцээ эрчүүд ажил болон олон нийтийн орчинд шорт өмсөх нь нэмэгджээ.

Ингэснээр эрчүүдийн хөлөө ил гаргах болж, биеийнхээ үсний ургалтыг зогсооход өмнөхөөсөө илүү анхаардаг болсон байна.

Эрэлт статистикаар ч нэмэгдэж байна

Японы гоо сайхны үйлчилгээний захиалга, үнэлгээний томоохон платформ “Hot Pepper Beauty”-ийн 2026 оны судалгаанд хамрагдсан эрчүүдийн 1/4 нь сүүлийн 12 сарын хугацаанд шилбэнийхээ үсийг авахуулсан байв.

“Gorilla Clinic”-ийн Гинза салбарын захирал Хироюки Отагийн хэлснээр тус эмнэлэг анх 11 жилийн өмнө нээгдэх үед цаг дүүрэх нь ховор байсан аж. Одоо харин зуны улиралд сул цаг олоход хэцүү болжээ.

41.8 хэмийн халуунаас болоод, шинэ хэв маяг бий болж байна

Япон улсад сүүлийн жилүүдэд зун хэт халж байна. 2025 онд тус улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр температур 41.8 хэмд хүрсэн. Энэ зун ч олон бүс нутагт 40 хэм орчим халж байна.

Ийм нөхцөлд япончууд агааржуулагч хэрэглэх, ус тогтмол уух, хөнгөн хувцас өмсөхөөс гадна өдөр тутмын хувийн арчилгаандаа хүртэл халууныг харгалзах болжээ. Эрчүүд биеийнхээ үсийг арилгах нь зөвхөн халуунаас шалтгаалсан өөрчлөлт биш. Японд эрчүүдийн гадаад төрх, хувцаслалтын талаарх нийгмийн хандлага ч өөрчлөгдөж байна.

Үүний зэрэгцээ эрчүүд хөлийн үсээ ил гаргахтай холбоотой “sunehara” буюу “шилбэний үсний дарамт” гэх нэр томьёо хүртэл бий болжээ. Энэ нь биеийн үс нийгмийн хэлэлцүүлгийн сэдэв болсныг харуулж байна. Эрчүүд гадаад төрхөндөө эмэгтэйчүүдтэй адил өндөр шаардлага тавьж байгааг зарим хүн шүүмжилж байгаа аж. Харин зарим нь ажлын орчинд цэвэрхэн харагдах нь чухал гэж үзэж байна.

Ийнхүү Японд үргэлжилж буй халуун өдрүүд хүмүүсийн хувцаслалт, ажлын хэв маяг, тэр ч байтугай эрчүүдийн гоо сайхны ойлголт, хэрэглээнд хүртэл өөрчлөлт авчирч байна гэж “The Straits Times” онцоллоо.

0/1000