Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт өнөөдөр эхэллээ. Энэ уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна.
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа. 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөвтэй. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож буй.

“Хотын дарга нарын чуулга уулзалт” нь өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хотуудын туршлага хуваалцах хэлбэрийг хослуулсан олон талт бүтэцтэйгээр зохион байгуулагдана. Чуулга уулзалтаар дэлхийн хотуудын удирдлага, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн институц, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэсэн нээлттэй, интерактив хэлэлцүүлгүүд өрнөнө.
Энэхүү чуулга уулзалт нь хотуудын түвшинд хэрэгжиж буй бодлого, сайн туршлага, технологи, инновац, байгальд суурилсан шийдлүүдийг олон улсын түвшинд нэгтгэн түгээх, нутгийн захиргааны байгууллагуудын дуу хоолой, оролцоог UNCCD-ийн үйл явцтай илүү нягт холбох, цаашид хотуудын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх институцын болон санхүүгийн суурийг бий болгох ач холбогдолтой юм.








