Швейцар улс тэрбумтнуудад зориулан, Альпын нуруунд газар доор мега сейф барьж байна. Лунгерн тосгоны ойролцоох уулыг нүхэлж, газрын гүнд барьж буй энэхүү байгууламж алт, үнэт металл, урлагийн бүтээл, сонгодог машин, үнэтэй дарс зэрэг өндөр үнэ цэнтэй эд хөрөнгө хадгалах зориулалттай аж. Энэ талаар Германы BILD сонин, Швейцарын олон нийтийн RTS телевиз мэдээллээ.
“Brünig Mega Safe AG” компанийн байгуулж буй энэ сейфүүд уулын хатуу чулуулаг дотор 100 гаруй метр гүнд байрлана. Нийтдээ ойролцоогоор 20-25 тусгай өрөө байгуулахаар төлөвлөжээ.
Барилгын ажил 2026 оны 1 дүгээр сард эхэлсэн аж. Тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Хуго Шиттенхельмийн хэлснээр өндөр хамгаалалттай үндсэн барилгаа аль хэдийнэ барьж дууссан байна. Харин дараагийн шатанд агуулахууд руу нэвтрэх хэсгийг байгуулна. Эхний сейфийг 2028 онд ашиглалтад оруулах боломжтой гэж BILD мэдээлжээ.
Нэг сейфний үнэ 1 сая франк хүрнэ. Энд энгийн банкны сейф шиг жижиг хайрцаг түрээслэхгүй. Харин уулын чулуун доторх бүхэл бүтэн тусгай орон зайг 99 жилийн хугацаатай эзэмших боломжтой аж.
Сейфүүдэд хууль ёсны бараг бүх төрлийн өндөр үнэ цэнтэй эд зүйл хадгалах боломжтой. Үүнд:
- алт, үнэт металл
- уран зураг, урлагийн бүтээл
- сонгодог болон тансаг автомашин
- үнэтэй дарсны цуглуулга
- бусад өндөр үнэ бүхий хөрөнгө
Энэ байгууламжийг Дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай санхүүгийн байгууламжуудын нэг болох Швейцарын Үндэсний банкны хамгаалалтын түвшинтэй дүйцэхүйц байхаар төлөвлөж буйгаа тус компани мэдэгдсэн байна.

Эндхийн хамгаалалт зөвхөн зузаан чулуун хананд найдахгүй. Үйлчлүүлэгч байгууламжид нэвтрэхдээ эхлээд тусгай хяналтын хэсгээр орж, автомашинаасаа буун, олон шаттай аюулгүй байдлын шалгалт хийлгэх шаардлагатай.
Яг ямар систем ашиглах, хяналтын цэгүүд хаана байрлах зэрэг нарийн мэдээллийг аюулгүй байдлын шалтгаанаар задруулаагүй байна.
Төслийг санаачлагчид “Дэлхийн геополитикийн тогтворгүй байдал, дайн мөргөлдөөн, эдийн засгийн эрсдэл нэмэгдсэн нь чинээлэг хүмүүсийн хөрөнгөө физик байдлаар хамгаалах эрэлтийг нэмэгдүүлж байна” гэж тайлбарлажээ. “Brünig Mega Safe”-ийн тэргүүн Томас Гассерын хэлснээр өмнө нь Дубай зэрэг газрыг аюулгүй гэж үздэг байсан бол өнөөдөр Дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хүмүүс хөрөнгийнхөө тодорхой хэсгийг илүү найдвартай газар хадгалахыг хүсэх болсон байна.

Гэхдээ уулын доторх энэхүү тансаг сейфийн төсөл орон нутгийнхныг нэг мөр баярлуулсангүй. Зарим оршин суугч “Хангалттай хөрөнгөтэй хүмүүст зориулсан зүйл” хэмээн шүүмжилж байгаа бол зарим нь Дэлхийн чинээлэг хүмүүсийг татаж, бүс нутагт шинэ бизнес, эдийн засгийн боломж бий болгож магадгүй гэж үзэж байна.
Харин Брюнигт барьж буй сейф эдгээрээс ялгаатай нь төрийн болон цэргийн зориулалттай бус. Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүст зориулсан хувийн хөрөнгө хамгаалах байгууламж гэдгээрээ онцлог юм.

