Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс идлэг шонхор барихаар зөвшөөрөл авсан зарим араб иргэн өнгөрсөн 7 хоногт нутгийн малчныг машинаар дайрч, аминд нь хүрсэн. Үүнтэй холбогдуулан, тус аймгийн засаг дарга 2026.08.21-нд А/478 дугаар захирамж гаргаж, идлэг шонхор бариулах зөвшөөрлөө цуцаллаа.
Учир нь нутгийн иргэд, арабуудын хооронд мөргөлдөөн үүсэж болзошгүй болжээ. 8-р сарын 22, 23-нд арабуудын 9 отог буулгаж, 14 машиныг буцаасан байна.
Үүнийг нутгийн иргэд “Гэмт хэрэгт холбогдсон арабуудыг явуулах гэж байна” хэмээн сэрдэж буй аж. Үүнийг тус аймгийн удирдлагууд үгүйсгэлээ. Хүн хөнөөсөн арабуудыг Улаанбаатар хотод авчран, цагдаагийн байгууллага шалгаж буй аж. Өчигдөр тэднийг шүүгчийн шийдвэрээр 30 хоног цагдан хорьжээ.

