Хятадын Бээжин хотод болж буй Дэлхийн хүн дүрст роботын наадамд Хятадад бүтээсэн робот 100 метр замыг 9.39 секундэд туулж, Ямайкийн домогт тамирчин Усэйн Болтын 9.58 секундийн амжилтыг эвдлээ. Бээжингийн Хүн дүрст роботын инновацын төвд бүтээсэн “Tiangong Ultra” робот ийм амжилт гаргажээ. Тэр урьдчилсан гарааны эхэнд “Lightning” роботоос хоцорч явсан ч барианы өмнө түүнийг гүйцэж, түрүүлсэн байна. “Lightning” мөн 9.47 секундэд барианд орж, Болтын рекордыг давав.
Болт 2009 онд Берлинд болсон ДАШТ-д 9.58 секунд гүйсэн. Үүгээрээ тэр өнөөг хүртэл хүний 100 метр зайн Дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа юм.
Гэхдээ роботуудын гүйлт хүнийхтэй харьцуулахад нэг сонирхолтой сул тал харагджээ. Барианы дараа хурд сааруулахад хүндрэлтэй байсан тул 2 робот тусгайлан байрлуулсан хамгаалалтын дэвсгэр мөргөж, 1 нь хажуу тийшээ савж унасан байна. “Lightning”-ыг газарт унасныхаа дараа дамнуурга дээр өргөн, талбайгаас гаргажээ. Энэ нь роботын хурд нэмэгдсэн ч хөдөлгөөнийг нарийн удирдах, тэнцвэрээ хадгалах, алдааны дараа өөрийгөө сэргээх чадвар одоогоор томоохон сорилт хэвээр байгааг харуулсан байна.

Технологийн дэвшил хэр хурдтай байгааг өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад илүү тодорхой харж болно. 2025 оны анхны тэмцээнд “Tiangong Ultra” 100 метрийг 21.50 секундэд туулж байсан бол энэ жил 9.39 секундэд гүйжээ. “Lightning” туршилтын замыг 9.32 секундэд туулж, дээд хурд нь секундэд 14.5 метр хүрсэн байна.
Энэ удаагийн тэмцээн зөвхөн хурдны төлөө биш юм. 51 төрлийн тэмцээнд гүйлт, хөлбөмбөг, ширээний теннис, бүжиг зэрэг спортын төрлөөс гадна үйлдвэр, ресторан, оффисын орчинд кабель залгах, эд зүйл таних, угсрах зэрэг бодит амьдралд ойр даалгаврууд багтжээ. Сорилтын 40 гаруй хувь нь хүний шууд удирдлагагүйгээр бүрэн бие даан ажиллах чадварыг шалгаж байгаа аж.
Энэ жилийн наадамд 16 улсын 666 баг 2,056 роботоо оролцуулж байна. Тэмцээн Бээжингийн Үндэсний хурдны тэшүүрийн ордонд 5 хоног үргэлжилж, Хятад улс хүн дүрст роботын салбарт Дэлхийд ямар түвшинд хүрснээ харуулж байна.

Роботын уралдаанаас стратегийн өрсөлдөөн рүү
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Хятад улс хүн дүрст роботыг зүгээр нэг үзүүлбэр, судалгааны төсөл бус стратегийн ач холбогдолтой шинэ салбар гэж үзэж байна. Тус улсын бодлого боловсруулагчид болон компаниуд “Хиймэл оюун, роботын техник хангамжийн хөгжил нь үйлдвэрлэл, ложистик болон хэрэглээний салбарт хүн дүрст роботуудыг өргөн ашиглах боломж бий болгоно” гэж үзэж байгаа юм.
Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдын сонирхол эрс нэмэгджээ. Хятадын хүн дүрст робот үйлдвэрлэгч “Unitree” компанийн хувьцаа Шанхайн хөрөнгийн биржид анх арилжсан өдөр 5 дахин өсөж, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 50 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд “Роботууд хүний Дэлхийн дээд амжилтыг давсан нь тэдгээрийг хүнээс бүх талаар илүү болсон гэсэн үг биш” гэж анхааруулж байна. Өдөр тутмын амьдралд робот ашиглахын тулд зөвхөн хурдан гүйх бус, орчноо ойлгох, нарийн хөдөлгөөн хийх, алдаагаа засах, гэнэтийн нөхцөлд бие даан шийдвэр гаргах чадвар илүү чухал юм.
Ийнхүү Бээжингийн роботын наадам спортын сонирхолтой тэмцээнээс гадна Хятад улс хиймэл оюун, хүн дүрст роботын салбарыг ирээдүйн үйлдвэрлэл, эдийн засгийн стратегийн гол чиглэлүүдийн нэг болгон хөгжүүлж байгааг харуулах технологийн томоохон үзүүлбэр болж байна.

