horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулахаар төлөвлөжээ

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга суманд орших Дуурлиг нарсан дундах Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа. Дуурлиг нарсан дундах Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолборын нэг юм.

Энд 2006 оноос хойш Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран, археологийн нарийвчилсан судалгаа хийж байгаа юм.

Энэ булшны гол байгууламж нийт 80 м урт, 40х40 м хэмжээтэй. Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булш аж. Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрчээ. Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа чину нартай энэ булш холбоотой хэмээн судлаачид таамаглажээ. 6 дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшийг судалж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсгийг малтан судалж байна.

Одоогоор булшны гүн 15 м хүрээд байна. Энэ нь 5 давхар барилгатай тэнцэнэ. Булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан аж. Энэ нь уг булш уруу харсан пирамид хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг.

Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдвор илэрч эхэлжээ. Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг олон эд өлгийн зүйлс олоод байна.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдвор ч гарч байгаа аж. Энэ нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзэж байна. Дээрх олдворуудыг Чингис хаан үндэсний музей, Монголын үндэсний музей, Хэнтий аймгий музейгээс харах боломжтой.

Уг судалгааг дуусгаад, Дуурлиг нарсны дурсгалт газарт Судалгаа, мэдээллийн төв, ил музей байгуулахаар төлөвлөжээ.

0/1000