Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч асан Б.Б-д холбогдох авлигын хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаад, шүүхэд шилжүүллээ. Тэр гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Ч, Д.Т, С.Ц нараас 2026 оны 2 дугаар сарын 17-ноос 5 дугаар сарын 25-ны хооронд нийт 58.9 сая төгрөгийн хахууль авчээ.
Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Д.Ч, Д.Т, С.Ц нар бараа, материалыг гаалийн байгууллагаар түргэн шуурхай нэвтрүүлж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, нийт 58.9 сая төгрөгийн хахууль өгсөн аж.
Энэ хэргийг АТГ илрүүлж, мөрдөн шалгаад, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, прокурорт шилжүүлсэн. Прокурор уг хэргийг Замын-Үүд дэх Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

