Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус нам “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа энэ үеэр зарлалаа. Энэ хөдөлгөөнийг зөвхөн АН-ын гишүүдийн хүрээнд бус, 1 сая сонгогчийн оролцоонд тулгуурлан, үндэсний хэмжээнд өрнүүлэх зорилготой аж.
Улс орон, ард олны өмнө тулгамдаж буй асуудлыг иргэдтэйгээ хамт тодорхойлж, бодит шийдлийг хамтдаа боловсруулах нь тус хөдөлгөөний гол зорилго гэдгийг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл онцоллоо. “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөий хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, боломжит шийдлүүдийн талаар ярилцах аж. Үүний зэрэгцээ салбар бүрээр, шат шатны түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гарсан санал, хэрэгцээ, шийдлийг нэгтгэн АН-ын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь болгох юм.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Өнөөдрийн Монгол залуус, ахмадуудын хүссэн Монгол биш болжээ. Бидэнд засах, өөрчлөх ёстой олон зүйл байна. Ахмадууд тэтгэвэрт гараад, ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө. Эр цэргийн албанд мордсон хөвгүүд ээждээ эргэж очдоггүй болсон эмгэнэлт явдлыг таслан зогсооно. Бизнес эрхлэгчдээ дарамталдаг өндөр татвар, зээлийн хүүгийн мөлжлөгийг өөрчилнө. Энэ өөрчлөлтийг АН манлайлж, ард түмэнтэйгээ хамт хийнэ.
Бидний зорьж буй өөрчлөлтийн зүг чиг бол “Бүтээдэг Монгол”. Бүтээдэг улс, бүтээдэг үндэстэн болохын тулд шаардлагатай дэд бүтэц, орчин нөхцөлийг та бид хамтдаа бий болгоно. Энэ бол монголчуудын хүсэл, тэмүүллээс урган гарсан өөрчлөлт. Энэ бол Ардчилсан хувьсгалын дараагийн давлагаа, бидний хийх үйл хэрэг, бидний үзэл санаа юм.
“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн бол ардчиллын дараагийн давлагаа. Үүнийг манлайлан хийх түүхийн даалгавар, ирээдүйн боломж та бидний өмнө байна.

