Тунисын зүүн өмнөд хэсгийн Бен-Гердан хотод Италийг зорьж явсан цагаачдын завь живж, олон хүн амиа алджээ. Үүнээс болоод иргэд цагдаа нартай мөргөлджээ. Жагсагчид далайд сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг шуурхай явуулахыг эрх баригчдаас шаардав. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.
Завь 8 дугаар сарын 20-нд Тунисын зүүн өмнөд нутгийн Зарзис болон Бен-Гердан орчмоос Италийг чиглэн хөдөлсөн байна. Тус завинд нийт 15 хүн явсан аж. Тэдний дунд 7 хүнтэй нэг гэр бүл, жирэмсэн эхнэртэйгээ явсан эрэгтэй байжээ.
Завь Тунисын эргээс ойролцоогоор 14 далайн милийн зайд живсэн байна. Тунисын Үндэсний гвардийн мэдээлснээр 8 дугаар сарын 23-ны байдлаар 11 хүний цогцсыг гаргасан бол 3 хүн сураггүй хэвээр байна. Харин 1 зорчигчийг амьд үлдсэн байхад нь аварсан байна. Тэрээр далайд завь нь живснээс хойш ойролцоогоор 48 цагийн турш урсгалд хөвж явсны эцэст худалдааны хөлөг онгоцтой таарч, аврагджээ.

Эрэн хайх ажиллагаанд Тунисын эргийн хамгаалалт, арми, иргэний хамгаалалтын алба оролцож, нисдэг тэрэг болон хэд хэдэн завь ашиглаж байна. Сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн болон орон нутгийн иргэд “Аврах ажиллагаа удааширч байна” хэмээн бухимдаж, Бен-Гердан хотын гудамжинд жагсаал зохион байгуулсан байна.
Жагсаалын үеэр залуус болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан хүмүүсийг тараахыг оролдсон байна. Энэхүү үйл явдал Тунисын өмнөд нутгийн иргэдийн дунд хууль бус цагаачлалын асуудал төдийгүй, далайд осолдсон иргэдийг аврах ажиллагаа болон төрийн байгууллагуудын хариу арга хэмжээний талаар хуримтлагдсан бухимдал байгааг харууллаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

